Та супер модель гэсэн үгийг сонсохдоо хэнийг төсөөлдөг вэ? Кейт Мосс, Наоми Кэмпбелл эсвэл Миранда Кер, Жижи Хадидыг төсөөлдөг үү?
Хэрэв тийм бол таны загварын ертөнцийн талаарх мэдлэг мэдээлэл, үзэл бодол хоцрогдсон байна. Сүүлийн үед амжилттай загвар өмсөгч болохын тулд заавал илүү идсэн хоолныхоо төлөө санаа зовох шаардлагагүй болжээ. Урьд нь 90х60х90-н харьцаанд хүрч чадахгүй мяраалаг бүсгүйчүүдэд загварын хаалга хаалттай байсан бол өнөөдөр тэдгээрийн махлаг байдал нь өөрсдийнх нь давуу тал болсоор байгаа юм.
Дэлхий нийтэд ‘Plus size’ моделиуд хүчээ авч байгаа бол Монголд хараахан энэ төрлийн модель байхгүй байсан юм. Харин Монголдоо анхдагч гэж хэлж болохоор М.Чариот бүсгүй жил орчим өөрийгөө бэлтгэсний эцэст ‘Plus size’ буюу нэмэх хэмжээтэй моделиор ажиллаж эхэлжээ. Тэрээр одоо ‘NARAN mall’, ‘Eva lingerie mongolia’-гийн гэрээт моделиор ажиллаж байгаа юм байна.