Сөүл хотын давж заалдах шатны шүүх долдугаар сард галт тэрэгний ханан дээр граффити зураг зурсан Английн хоёр иргэнийг танхайрсан хэргээр дөрвөн сар шоронд хорих ялыг хэвээр үлдээсэн байна. Шүүх хоёр сэжигтний гомдлыг хэрэгсэхгүй болгож, танхайн хэргийнхээ төлөө ял үүрэх ёстой гэж үзжээ.
‘Их Британид мөн дээрхтэй адил танхайн хэрэгт холбогдож байсан ах дүү хоёрт оноосон ял бол хөнгөн ял” хэмээн шүүхээс мэдэгджээ.
23,25 настай ах дүү хоёр долдугаар сард Сөүлд очсоныхоо дараа галт тэрэгний ханан дээр ‘SMTS’, ‘SMT’ гэсэн үгсийг шүршдэг будгаар зурсан гэнэ.
Тэднийг дээрх хэргээс хоёр хоногийн дараа Их Британи руу буцахын өмнө зочид буудлаас нь цагдаа нар баривчилжээ. Цагдаагийн мэдээлснээр ах дүү хоёр эхэндээ хэргээ хүлээхгүй, Сөүлд аялахаар очсон гэж мэдүүлсэн гэнэ. БНСУ-ын прокурорууд тэднийг нийтийн өмч хөрөнгийг хорлон сүйтгэж, танхайрсан гэж ялласан юм. Цагдаа нарын олж тогтоосноор ах дүү хоёр Их Британи болон Европт ихэд дэлгэрсэн граффити бүлгийн гишүүд бөгөөд “SMT” гэдэг нь тэдний уриа ‘so much trouble.’ Хэмээх үгийн товчлол гэнэ. Граффити зураг нь ихэд дэлгэрч буй урлагийн нэг хэлбэр боловч зарим улсын хувьд толгойн өвчин болоод байгаа асуудал юм.
Тавдугаар сард Их Британид дээрх бүлгийн таван гишүүн галт тэрэг, трамвай зэрэг олон нийтийн өмчид 340,000 фунт стирлингийн хохирол учруулсан хэргээр хорих ял сонссон.
2011 онд БНСУ-д Их 20-ийн дээд хэмжээний уулзалтад зориулсан зурагт хуудас дээр нэгэн граффитчин харх зурснаас болж асуудал үүссэн бөгөөд түүнийг хоёр сая воноор торгосон байна. БНСУ-д галт тэрэг, метронд граффит зурвал гурван жил шоронд хорих эсвэл таван сая воны торгууль ноогдуулдаг байна.