ТӨСӨВ2018: Аймаг бүрт долоон тэрбумыг төсөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2017.11.14-нд нийтлэгдсэн

ТӨСӨВ - 2018

ТӨСӨВ2018: Аймаг бүрт долоон тэрбумыг төсөвлөжээ

ТӨСӨВ2018: Аймаг бүрт долоон тэрбумыг төсөвлөжээ

УИХ-ын хуулийн хугацаандаа 2018 оны төсөв болон түүнийг дагалдах зарим хуулийн төслүүдийг батлав. Монгол Улсын 2018 оны төсөв түүнийг дагалдан “Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсөв”, “Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсөв”-ийн төслийг хэлэлцэн баталсантай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.


Эдийн засгийн өсөлт 4,2 хувьд хүрнэ

2017 оны эдийн засгийн бодит өсөлт нь хүлээгдэж буй гүйцэтгэлээр 3,3 хувь, 2018 онд эдийн засгийн өсөлт 4,2 хувь байхаар тооцсон. Нэгдсэн төсвийн нийт алдагдал ДНБ-нд эзлэх хувь 2017 онд 9,5 хувьд, 2018 онд найман  хувьд хүрч  төсвийн үндсэн үзүүлэлтийг сайжруулах эхлэлийг тавьж байна.

Энэ үзүүлэлтийг 2020 онд ДНБ-ний 4,5 хувьд хүргэхээр тооцжээ. 2018 онд Монгол Улсын эдийн засгийг эрүүлжүүлэх, өр зээлийн дарамтыг бууруулах чиглэлд  бодлогын шинжтэй хэд хэдэн арга хэмжээ авахаар төсөвт тусгасан байна. Тухайлбал, төсвийн алдагдлыг бууруулж, давсан орлого нэмэлт эх үүсвэрээр өрийн хэмжээг багасгах, үнэт цаасны арилжаанд гадаад дотоодын иргэн, компаниуд зэрэг бусад хөрөнгө оруулагчдын оролцох оролцоо, өрсөлдөөнийг нэмэгдүүлж, хамрах хүрээг өргөжүүлэн хүүг бууруулах, ингэснээр бизнес эрхлэгчдэд олгогдох зээлийн эх үүсвэрийн  хүү буурах боломж нэмэгдэх, Засгийн газрын өндөр хүүтэй үнэт цаасны гаргалтыг бууруулан санхүү, мөнгөн хөрөнгө, өрийн удирдлагыг оновчтой болгох, төсвийн тогтвортой байдлын үндсэн үзүүлэлтүүдийн хэрэгжилтийг хангах,  хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх,  төсвийн сахилга батыг сайжруулах, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээ татварын тогтвортой бодлогоор дэмжих, татварын тогтолцоог энгийн, ойлгомжтой, чирэгдэл багатай, тэгш шударга болгосноор эдийн засгийн өсөлтийг 4,2 хувьд хүргэх тооцооллыг төсөвт суулгажээ. 

Улсын хэмжээнд нийт 82 сургууль, 127 цэцэрлэг барина

2018 онд боловсролын салбарт 1,6 тэрбум төгрөг төсөвлөж, сурах, суралцах орчныг сайжруулах зорилгоор ерөнхий боловсролын сургуулиудыг гурван ээлжгүй болгоно.

Улсын хэмжээнд нийт 82 сургууль шинээр баригдана. Он дамнасан сургууль, дотуур байр, цэцэрлэгийн барилгыг барьж дуусгах төсвийг 2018 онд олгох юм байна. Улсын хэмжээнд нийт 127 цэцэрлэг баригдана.  Мөн оюутны боловсролын зээлийг арилжааны банкаар бус  Боловсролын зээлийн сангаар дамжуулан чирэгдэл багатай, эргэн төлөх хугацаа урт,  зээлийг 37 мянган оюутанд олгохоор төсөвт суулгажээ.

Тэтгэвэр дунджаар найман хувиар нэмнэ

Эрүүл мэндийн салбарт 2018 онд 893,1 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийн суурийг тавьж, эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, хамрах хүрээг нэмэгдүүлэх, оновчтой болгох чиглэлийг баримталсан талаар Сангийн сайд онцолсон.

Эрүүл мэндийн даатгалыг ЭМЯ-нд шилжүүлж, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн зарцуулагдах 376 тэрбум төгрөг Эрүүл мэндийн даатгалын санд цуглуулахаар төлөвлөжээ.

Мөн ирэх онд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх бөгөөд нийт 396.6 мянган хүний тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцтай дүйцүүлж 119,5 тэрбум нэмэгдүүлнэ. Дунджаар найман хувь хүртэл нэмэгдүүлэх урьдчилсан тооцоолол гаргажээ. Гэхдээ тэтгэвэр шат дараатай нэмэх, нэг дор нэмэх зэрэг асуудлыг Засгийн газар тогтоох аж. Малчдын тэтгэврийн насыг таван насаар урагшлуулж, 44.6 тэрбумыг тэтгэврийн санд шилжүүлэх юм байна. Үүнээс гадна, “Цалинтай ээж” хөтөлбөр, 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй эх бүр 50 мянган төгрөг, 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд улирал бүр 240 төгрөг олгохоор нийт  72,8 тэрбум төгрөгийг зарцуулахаар тооцжээ.

Аймаг бүрт долоон тэрбум төгрөг олгоно

Орон нутгийн эдийн засгийг идэвхжүүлэх, ажилгүйдлийг бууруулах зэрэг асуудлаа тулгамдаж буй орон нутгийн удирдлага өөрөө бие даан шийдвэрлэж, эдийн засгийн чадавхаа дээшлүүлэх боломжийг бүрдүүлэх зорилт тавьжээ.

Үүнтэй холбоотойгоор орон нутгийн хөрөнгө оруулалт: Нэг аймаг дунджаар долоон тэрбум төгрөг буюу нийт 147,5 тэрбумд хүрнэ. Энэ мөнгийг аймгийн удирдлага, ИТХ-ийн хурлаар зарцуулалтыг тогтоож өгөх юм байна. Сангийн яам төсөв боловсруулах хугацаанд энэ аймаг, орон нутгаас санал авч, ямар төслүүдэд хөрөнгө оруулах талаар судалгааг хийсэн байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж