Өмнөд Солонгост юу л байна, ажил л байна

Хуучирсан мэдээ: 2017.11.14-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгост юу л байна, ажил л байна

Өмнөд Солонгост юу л байна, ажил л байна

Өглөөний 05.30 цаг. Монголчуудын хувьд үүр харанхуй цаг. Үүр харанхуйтай зэрэгцэн ажилдаа явахаар түм, буман хүн гэрээсээ гарна. Энэ бол Өмнөд Солонгосын өдөр тутмын амьдрал.

Ажил, амьдралаа дээшлүүлэхээр олон мянган монгол өнөөдөр Өмнөд Солонгосыг зүглэж байна. Тус улсад ажил хийхээр очиж буй монголчууд нэг л зүйлийг хатуу ойлгоно. Үүрийн харанхуйгаар босч ажлын байр руугаа явахгүй бол мөнгөгүй үлдэнэ. Тэнд сурахаар болон ажиллахаар очсон монгол иргэд “самушил” буюу ажил олгогчийн оффис руу явахын тулд эртлэн босох учиртай. Тус улсад л юу л байна, ажил байна. Тиймээс эзний заасан мөнгө ихтэй ажилд явахын тулд хамгийн түрүүнд очих.

Хоёр орны Засгийн газар хоорондын гэрээнээс гадна гурван сарын визээр зорчих монголчууд тэнд зөвхөн ажил хийж, мөнгө олохыг л чухалчилдаг. Зарим нь азаар олдсон гурван сарын визээ “бурхны гурван жилийн виз” болгон харлан сунгуулсаар. Солонгос ажил олгогчдын дунд монголчуудын эрэлт их бий. Тэд монгол хүнийг ажилд авах дуртай. Учир нь, монголчууд солонгос хэлийг амархан сурахаас гадна хүч тэнхээтэй гэж үздэг. Эрчүүдээс нь илүү хүүхнүүд ч ажилд махруу, үнэнч тул монгол бүсгүйчүүд очсон дороо л ажилтай болчихно.

Өнөөдөр тус улсад ажиллаж буй монголчуудын тоо эргээд нэмэгджээ. Нэг хэсэг хараар ажиллаж байсан монголчууд буцаж байсан бол эдийн засгийн хямрал эргээд монголчуудын “дүрвэх” шалтгаан болж. 

Монголын эдийн засгийн өсөлт буурч байгаа энэ үед тус улсад хоёр сар ажиллаад авдаг мөнгө нь эндэхийн таваас долоон сарын  цалинтай тэнцэнэ.

Эрэгтэй хүн өдрийн 100 мянган вонын цалинг авдаг гэвэл энэ нь монгол мөнгөөр 200 мянган төгрөг гэсэн үг. Өдрийн 200 мянган төгрөгийн цалинтай хүн Монголд хэд вэ. Чухам иймээс л халуунд халж, хүйтэнд хөрч, эх нутаг, гэр орноосоо монголчууд “нүүж” байна. Эмэгтэй хүн ч өдрийн 60-80 мянган вон буюу 120-160 мянган орчим төгрөгийн цалинтай. Гэхдээ мэдээж гурван сараар очсон иргэд ажил хийх эрхгүй байдаг ч тэд аргаа олсоор л.

Зарим хүн Монголоос очихоос өмнө ажлын байраа хэдийн бэлтгэчихсэн байдаг. Онгоцоос буугаад шууд ажлын байрандаа очих нь их. Харин солонгос хэл тааруухан, анх удаа очиж байгаа иргэдийн хувьд бусдад хулхидуулах, цалин өндөртэй ажилд авна гэсэн зарын дагуу явж цаг алдах нь их. Мэдээж, гурван сарын виз хүсээд явсан иргэд ажлаа хурдан хийж, Монголоос явахдаа зарцуулсан мөнгөө хурдхан олох нь чухал. Харамсалтай нь, ядарсан нутаг нэгтнээ хүний газар хулхидаж, өндөр цалинтай ажилд зуучлан хөдөлмөрийг нь шулах монгол ч бас байна.  

Багын найздаа итгээд хүний нутагт гурван сар ажил хийгээд буцахдаа мөнгөгүй харьсан нэгэнтэй таарч л байлаа. Хайртай гэдэг үгийг хаа холын эхнэртээ шивнэчихээд хажуудаа “зуурдын дурлалтай” учирчихсан нэгэн ч бас байна. Магадгүй хүний хүслийг хорьж болохгүй ч хүүхдийнхээ ирээдүйн төлөө хүний нутагт хэдэн жилээр суух нэгнийг харах юутай гунигтай.

Мөн өдрийн 200 мянган вон /монгол мөнгөөр 400 мянган төгрөг/ өгөх ажилд яаралтай авна гэсэн зарын дагуу очиж, эзгүй талбайд бултах аргагүй байдалтай байх монголчууд олширчээ. Гэхдээ саарын хажуугаар сайн яваа нь тун олон.

Та Солонгосыг зорихоор шийдсэн бол хамгийн түрүүнд хэлийг нь сайн сураад аваарай. Мөн богино хугацаагаар зорчих иргэд аль болох өдөр бүр цалин өгдөг ажил олж хийх хэрэгтэй. Мэдээж, гурван сарын визээр зорчоод харлахгүйгээр буцаж ирэхээ бас бүү мартаарай. Магадгүй таньд болон тань шиг хэн нэгэнд “бурхны гурван жилийн виз” гай болохыг хэн мэдлээ.

Өнөөдөр нислэгийн тийзний үнэ ч өндөр үнэтэй болсон. Гэхдээ монголчууд хэдийн БНХАУ-ын хотуудаар дамжин хямдхан нисдэг болжээ.  

Хайртай хүнээ, гэр бүлээ орхин яваа ч тэдний зорилго бол нэг л юм. Эртлэн босож, ажилдаа явахын тулд та их зүйл тэвчих хэрэгтэйг сайн бодоорой. Тэнд юу л байна ажил байна. Ажил олдвол мөнгө ч олдоно. Бас их тэвчээр гарах тул бэлтгэлтэй яваарай.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж