Өмнөд Солонгост гар утас, бугуйн цаганд суурилуулдаг бичил камерыг галт тэрэгний буудал, метро, усан сан, бассейн зэрэг олон нийтийн үйлчилгээний газрын ариун цэврийн өрөөнд суурилуулах явдал түгээмэл гарах болжээ. Ийм хэргийн ард голдуу эрэгтэйчүүд байдаг бөгөөд нууц камераар авсан зураг, бичлэгийг өөрсдөө үзэж, хувийн архивтаа хадгалахаас гадна интернет сүлжээнд тавих эс бөгөөд бусдад худалдаж ашиг хонжоо олдог байна.
Наймдугаар сард БНСУ-ын засгийн газар ийм гэмт хэргийг таслан зогсооход чиглэсэн арга хэмжээ авч, нууц камеруудыг олж, илрүүлэх кампанит ажил эхлүүлэхээ амласан ажээ. Сөүл хотын захиргаа засгийн газрын шийдвэрийн дагуу саяхнаас олон нийтийн газруудад байрлуулсан нууц камеруудыг олж илрүүлэх кампанит ажлыг эхлүүлсэн байна.
Уг кампанит ажлын хүрээнд Сөүл хотын олон нийтийн үйлчилгээний газрын эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнүүдийг нэг бүрчлэн нэгжиж 50 гаруй нууц камер илрүүлжээ. Нууц камеруудыг зочид буудал, цэнгэлдэх хүрээлэн, метро, сургууль зэрэг газруудын ариун цэврийн өрөөнүүдэд байрлуулсан байдаг гэнэ.
Камер илрүүлэгчид тусгай мэдрэгч төхөөрөмжөөр бичил нууц камеруудыг олж илрүүлдэг ажээ. Гэмт этгээдүүд бичил камерыг ариун цэврийн өрөөнд хүн анзаарахгүй газар тухайлбал суултуурын ард, угаалтуурын дээд хэсэгт, хаалганы бариул, таазны гэрлийн бүрхүүл зэрэгт нуусан байдаг гэнэ.
БНСУ-д нууц камер суурилуулсан этгээдэд таван жил хорих ял оноох буюу 10 сая воны торгууль ноогдуулдаг бөгөөд ихэнх тохиолдолд гэмт этгээдүүд торгууль төлөөд хэргээс мултардаг байна.