Хөлбөмбөг: Итали ДАШТ-ий эрхээ авч чадсангүй

Хуучирсан мэдээ: 2017.11.14-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг: Итали ДАШТ-ий эрхээ авч чадсангүй

Хөлбөмбөг: Итали ДАШТ-ий эрхээ авч чадсангүй

Хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн арвин намтар түүхтэй, хамгийн олон амжилт бүтээлтэй Италийн шигшээ ирэх жил ОХУ-ыг зорих боломжгүй боллоо.

1958 оноос хойш ДАШТ-ийг өнжиж үзээгүй италичууд  нутагтаа Шведийн багийг хүлээн авч, гоолгүй тэнцсэнээр плей-оффын шатнаас хасагдаж байна. Харин шведүүд хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 1:0 харьцаатай ялалт байгуулж, дэлхийн аваргад оролцох эрхээ өвөртөлжээ. 2006 онд Германд болсон тэмцээнээс хойш дэлхийн аваргыг өнжсөн Шведийн шигшээ ийнхүү эцсийн мөчид эрхээ авсан юм.

Эхний тоглолтод ялагдсан италичууд хариу тоглолтоо нутагтаа хийж, Милан хотын Сан Сиро цэнгэлдэхэд 70 мянган хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө өрсөлдөгчийнхөө хамгаалалтыг сэтэлж чадсангүй.

Гэхдээ айсуй ДАШТ-ийг өнжих ганц “акул” нь тэд биш. Түрүү хүртэх хэмжээнд яригдах учиртай Нидерландын шигшээ, Өмнөд Америкийн удаа дараагийн аварга Чили, мөн АНУ-ын шигшээ энэ удаад одгүй байлаа. Аргентин ч мөн ДАШТ-ий эрхээс мултрах шахсан. Хэрэв Лионель Месси супер тоглолтоо гаргаж, хет-трик хийгээгүй бол…

Сан Сирод болсон өнгөрсөн шөнийн Швед ба Италийн багийн тоглолт бас нэгэн онцлогтой байв. Италийн шигшээ багийн ахлагч, тус багийн бүрэлдэхүүнд хамгийн олон тоглолтод оролцсон Жанлуижи Буффон хөлбөмбөгчийн замналаа өндөрлүүлсэн юм.

“Миний хамгийн сүүлчийн тоглолт боловч ДАШТ-ий эрхээ авч чадалгүй ялагдсан нь үнэхээр ичгэвтэр хэрэг” хэмээн Буффон ВВС-д өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Буффон өнгөрсөн 20 жилийн хугацаанд шигшээ багийнхаа өмсгөлтэй 175 тоглолтод оролцсон юм.

Мөн түүний багийн анд Даниэль де Росси зодог тайлж буйгаа зарласан. Тэрбээр шигшээ багийнхаа төлөө 116 тоглолт хийж, 21 гоол оруулжээ.

Италийн шигшээ багаас Жиоржио Челлини удахгүй зодог тайлахаа мэдэгдсэн бөгөөд шигшээ багийн дасгалжуулагч Жампьеро Вентура ажлаасаа огцорч мэдэх байдал үүсчээ.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж