Оюутны тэтгэлгийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2011.07.09-нд нийтлэгдсэн

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн оюутанд тэтгэлэг олгох тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхийн саналаар дэмжлээ. Гэхдээ эл төслийг хэлэлцэж эхлэх үед  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар санхүү мөнгөний асуудлыг судлах шаардлага бий тул ирэх намар хүртэл хойшлуулах шаардлагатай байна гэсэн хүсэлт тавьсан юм. Энэ саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон олон гишүүд дэмжихгүй байсан бөгөөд улмаар Сангийн сайдаас тайлбар хүссэн. Харин Сангийн сайд “Хуулийн хэрэгжилтийг 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн тавьж өгсөн учраас оюутанд тэтгэлэг өгөх бүрэн боломжтой” гэж байр сууриа илэрхийлэв. Гэвч Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь намар хүртэл төслийг хойшлуулах санал гаргаад, Сангийн сайд нь шийдэх бүрэн боломжтой гэсэн зөрүүтэй байр суурь илэрхийлснээс болж, байнгын хорооны дарга Д.Очирбат санал хураалгах эсэхээ мэдэхгүйд хүрч, будилав. Үүнд нь УИХ-ын гишүүн С.Эрдэнэ бухимдаж “Чи ер нь байнгын хорооны дарга юм уу, Засгийн газрын гишүүн юм уу. Хэний төлөө ажиллаад байна вэ. Байнгын хорооны дарга хийж чадахгүй нөхөр байна ш дээ” гэв. Д.Очирбат дарга ч мөчөөгөө өгсөнгүй “Битгий солиор чи юу яриад байгаа юм” гэсэн бол С.Эрдэнэ “Битгий балайраад байгаарай. Засгийн газар чинь хууль баталдаг юм уу, УИХ чинь хууль баталдаг юм уу” гэж ана мана үзсэнээр арай хийж хэрүүл намжсан юм. Одоо энэ хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцээд, батлах учиртай.

Г.Дарь
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж