Хунтайжийн баривчилгаа нефтийн үнийг өсгөв

Хуучирсан мэдээ: 2017.11.14-нд нийтлэгдсэн

Хунтайжийн баривчилгаа нефтийн үнийг өсгөв

Хунтайжийн баривчилгаа нефтийн үнийг өсгөв

Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман авлигын хэрэгт холбогдуулан 200 гаруй хүнийг тэр дундаа 11 хунтайж, засгийн газрын дөрвөн сайдыг баривчлах шийдвэр гаргасантай зэрэгцэн газрын тосны үнэ нэмэгдэж, тус улсын газрын тосны хамгийн том компани ‘Арамко’ хөрөнгө оруулагчдаа алдаж эхэлжээ. Энэ явдлын дараа Саудын Араб, Ираны харилцаа улам хурцдаж, дайны ирмэгт тулаад байгаа юм.  

Гэхдээ улс төрийн дээрх шийдвэр Саудын Арабын газрын тосны бодлогыг өөрчилж, төрийн өмчит газрын тосны ‘Арамко’ компанийн IPO гаргахад нь саад болсон гэж шууд дүгнэх нь бас алдаа болно. Угтаа бол газрын тосны үнэ Ойрхи Дорнодод үймээн самуун дэгдэх болгонд үнэ савлаж байдаг. Газрын тос бага хэмжээгээр олборлодог орнууд бүх хэл огт газрын тосгүй орнууд хүртэл энэ үнийн шуурганд өртдөг билээ. Тэр ёсоор энэ бүс нутгийн газрын тосны хамгийн том олборлогч орон Саудын Арабд томоохон баривчилгаа болж, Ирантай харилцаа нь хурцдахад газрын тосны үнэ нэмэгдсэн. 

Саудын Арабт болсон өргөн хүрээтэй баривчилгааны дараа газрын тосны үнэ өсөж, сүүлийн хоёр жилийн хамгийн дээд ханшийг тогтоосон. Үнийн өсөлт арван нэгдүгээр сарын эцсээр болох Газрын тос экспортлогч орнуудын дээд хэмжээний уулзалт хүртэл энэ хэвээр үргэлжилнэ гэх таамаг байгаа юм. Харин энэ хооронд экспортлогч орнууд 2018 оны эцэс хүртэл газрын тосны үйлдвэрлэлийн хэмжээг бууруулах одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй гэрээгээ сунгах эсэхээ шийдэх боломж олдож байгаа ажээ. Зарим орон тухайлбал, ОХУ газрын тосны үйлдвэрлэлийн хэмжээг бууруулахаар экспортлогч орнуудын дунд байгуулсан  гэрээний хугацаа дуусаагүй байхад дараагийн арга хэмжээний талаар ярих эрт байна гэж үзсэн. Газрын тосны үнийн уналтыг зогсоохын тулд авсан үйлдвэрлэлийн хэмжээг бууруулах тухай гэрээг сунгах эсэх асуудлыг энэ сарын 30-нд Венад болох дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх юм. Газрын тосны зарим бүтээгдэхүүний үнийг бууруулахын тулд үйлдвэрлэлийн хэмжээг бууруулах нь зөв алхам биш гэж Саудын Арабын ван Халид аль-Фалих үзэж байгаа юм. Түүнийхээр бол газрын тос ихээр үйлдвэрлэж буй орнуудад хязгаарлалт тавих ёстой гэжээ. Гэвч экспортлогч орнууд энэ асуудлаар одоо болтол шийдэлд хүрээгүй байгаа юм.

Улс төрийн үйл явдал зөвхөн газрын тосны салбарт биш, олон улсын санхүүгийн зах зээлд ч нөлөөлөх нь бий. Үүний нэг жишээ нь БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэд авлига өгсөн хэргээр ‘Самсунг’ группын ерөнхийлөгч Жэй  Лиг баривчлах үед ухаалаг утасны аварга компанийн хувьцааны үнэ унаж эхэлсэн билээ. БНСУ-д шуугиан тарьсан дээрх хэргийн улмаас ‘Самсунг Электроникс’ компанийн хувьцаа 2.14 хувиар, ‘Самсунг’ хүнд үйлдвэрлэлийн компанийн хувьцаа 0.95 хувиар, ‘Самсунг’ инженерийн компанийн хувьцаа 3.43 хувиар буурч байв. БНСУ-ын прокурорын газраас ‘Самсунг’ группын ерөнхийлөгч Жэй Лиг ерөнхийлөгч Пак Гын Хегийн туслах Чой Сун Силд нийт 43 тэрбум вон буюу 36.4 сая ам.долларын авлига өгсөн хэргээр баривчилсан. БНСУ-ын ухаалаг утас үйлдвэрлэгч хамгийн том компанийн ерөнхийлөгчтэй холбоотой дуулиан шуугиан нь худалдаанд гаргаад удаагүй байсан Galaxy Note 7 утасны худалдаанд сөргөөр нөлөөлж, Note 7 –ийн цуврал бүтээгдэхүүнийг зогсоосон.

Улс төрийн баривчилгаа санхүүгийн зах зээлд нөлөөлсөн сүүлийн жишээ бол Каталоны тусгаар тогтнолын хөдөлгөөнөөс үүдэлтэй улс төрийн хямрал юм.

Аравдугаар сарын 27-нд Каталоны өөртөө засах мужийн парламент тусгаар тогтнолын асуудлаар санал хураалт явуулсны дараа Испанийн засгийн газар мужийн засгийн газрыг огцруулж, засгийн газрын сайд нарыг баривчлахад санхүүгийн зах зээлд хувьцаанууд унаж эхэлсэн.

Испанид томоохон улс төрийн хямрал үүсгэсэн энэ үйл явдлын улмаас  тус улсын томоохон бенчмарк IBEX 35 хувьцааны индекс хоёр хувиар буурч, 10,130 нэгж болсон билээ. Санал хураалтын дараа еврогийн ханш таван хувиар буурсан үзүүлэлт гарсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж