Оюутны тэтгэлгийг хойшлуулж болзошгүй байна

Хуучирсан мэдээ: 2011.07.09-нд нийтлэгдсэн

Оюутны тэтгэлгийг хойшлуулж болзошгүй байна

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл,  шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн оюутанд тэтгэлэг олгох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх шатанд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга хойшлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Шалтгаан нь оюутанд тэтгэлэг олгоход жилдээ 150 орчим тэрбум төгрөг шаардлагатай аж. Засгийн газрын хувьд эх үүсвэрийг хаанаас бий болгох вэ гэдгээ судалж шийдээгүй байгаа. Тиймээс ирэх намар хүртэл хойшлуулж, энэ хооронд судалгаа хийж, Засгийн газрын хүрээнд хийх бусад асуудалтайгаа уяж өгөх шаардлага байна гэлээ.

Гэвч дээрх төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хойшлуулах шаардлагагүй гэж үзлээ. “Ирэх намар буюу есдүгээр сарын 1-нд оюутнууд хичээлдээ ороход энэ асуудлыг шийдчихсэн байх нь чухал. Энэ бол Монголын өрх гэр бүлийг дэмжсэн бодлого. Өчнөөн судалгаа хийж, зөндөө ажилласан. Хамаг цаг зав үрсний дараа Засгийн газар асуудлыг хойшлуулах хүсэлт тавьж байгаа нь хариуцлагагүй явдал” гэж мэдэгдлээ.

Засгийн газрын хүрээнд хөрөнгө мөнгийг шийдэж чадах эсэх дээр Сангийн сайдаас тайлбар авах гэсэн боловч тэрбээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд асуудлаа оруулж буй тул хүлээхээс аргагүй боллоо.

Гэхдээ гишүүдийн санал хураалтаас хуулийн төслийг хойшлуулах уу, чуулганд оруулах уу гэдэг эцэслэгдэн шийдвэрлэгдэх юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж