Шахаагаа танаад цалингаа нэм

Хуучирсан мэдээ: 2017.11.14-нд нийтлэгдсэн

Шахаагаа танаад цалингаа нэм

Шахаагаа танаад цалингаа нэм

2018 оны төсвийг тас хар төсөв гэж хэлж болно. Үндсэндээ УИХ-д 65 суудалтай Монгол ардын нам 2018 оны төсвийг бараг гурилдаад л баталчихлаа.

Уг нь Засгийн газар хуулийн дагуу аравдугаар сарын 1 гэхэд ирэх оны төсвөө өргөн барьж, сар гаруйн хугацаанд парламент “ажилласан”-ы эцэст арваннэгдүгээр сарын 15-наас өмнө батлах ёстой. Харамсалтай нь, эрх баригч нам нураасан гэрээ барих, дотоод асуудлаа шийдэх гээх 2018 оны төсөвт онцгой ач холбогдол өгсөнгүй.

У.Хүрэлсүхийн засгийн анхны өргөн барьсан  2018 оны нэгдсэн төсөвт орлогыг долоон их наяд 231 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.8 хувь, нэгдсэн төсвийн зарлагыг есөн их наяд 651 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.8 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,4 их наяд төгрөг буюу ДНБ-ий найман хувь болж нийт алдагдал 2017 оноос ДНБ-ий 1.5 хувиар буурна гэж тооцжээ.

Төсөв захиран зарцуулагчдын оруулж ирсэн төсвийг алдагдлыг бууруулж,  орлогыг хэрхэн нэмэгдүүлэх, төсвийн сахилга батыг яаж хангах талаар парламент ажлаа огт хийсэнгүй. 65 суудалтай эрх баригч намынханд ирэх оны төсвөөс илүү Их хурлаараа сонгох шинэ дарга нь чухал бололтой.

Парламентаар төсөв хэлэлцэхтэй зэрэгцээд Монголын багш нар нэг өдрийн ажил хаялт зарласан. Тэд өнгөрсөн наймдугаар сараас эхлээд цалингаа нэмүүлэх шаардлага тавьж байгаа юм. Харамсалтай нь, шинэ засгийн зүгээс цалин нэмэх боломжгүй харин төрийн албан хаагчдад 55 тэрбумыг тараахаар болсон.

Гадаадын хөрөнгө оруулалт буурч, эдийн засагт орж ирэх долларын амсар хаагдсан ч Засгийн газрын сайдуудын хэлээд байгаа шиг  цалин, тэтгэвэр нэмэх боломж огт байхгүй юу гэвэл бас худлаа. “Айлаас гуйхаар авдраа уудал”  гэгчээр авдрын ёроолоос атга гурил олох боломж байна.

Монгол Улсын төсвийн дийлэнхийг өнөөдөр зэс үйлдвэрлэгчид “Оюутолгой”, “Эрдэнэт” бүрдүүлдэг.   Парламентын шийдвэрээр 100 хувь Монголын төрийн мэдэлд очсон “Эрдэнэт” үйлдвэрийг хэрэвзээ ашигтай ажиллуулж, дарга нар шахаа, шантаажаа хийхээ боливол төсөвт орж ирэх орлого нэмэгдэх бололцоо байна.

Тодруулбал, өнгөрсөн нэг жилийн хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшигчид үйлдвэрийн худалдан авалтыг ил болгосноор өндөр үнийн дүнгээр худалдаж авдаг байсан шахааг хумьж, 15.1 тэрбумыг хэмнэж чаджээ.

Харин өнөөдөр “Эрдэнэт” буцаад төрд очсоноороо бүх гахай тэгш эрхтэй, Ц.Нямдоржийн хүү бүр ч илүү эрхтэй болчихов уу гэх хардлага ч төрж байна. 25 настай хүүдээ 2.5 тэрбумын шахаа олж өгч чадах аав ингэхэд Монголд хэд вэ?.

15.5 тэрбум бол төрийн албан хаагчдад тараахаар болсон 55 тэрбумын гуравны нэг. Түүнчлэн энэ мөнгөөр  100 хүүхдийн 14 цэцэрлэг, орон нутагт тус бүр 30 ортой таван эмнэлэг барьж болно.  Эндээс жилдээ 15.5 тэрбум  үе, үеийн дарга сайд нарын хүүхэд, ах дүү хамаатан, садных нь халаасанд ордог байсныг харж болохоор.

Жилийн 15 тэрбумыг өнгөрсөн 26 жилээр үржүүлбэл багагүй тоо гарна. Баялгийг бүгдээрээ хуваах ёстой гэх зарчим ярьдаг шударга улстөрчдийн үнэн төрх нэг иймэрхүү.

“Эрдэнэт”-ийн баяжуулах цех нь үйлдвэрлэлдээ жил бүр хөөсрүүлэгч бодис болох MIBC-г 700 тонн хэрэглэдэг бөгөөд 2015, 2016 онуудад нэг тонн 3,550-3,750 ам.доллараар дотоодын компани буюу дундын зуучлагч компаниудаас худалдан авч байжээ. 2017 оноос шууд үйлдвэрлэгчээс нь нэг тонн 2,800-2,820 ам.доллараар худалдан авалт хийснээр тонн тутамд 700 ам.доллар хэмнэж, жилдээ 490,000 мянган ам.доллар, /1,2 тэрбум төгрөг/ хэмнэсэн байна.

Түүнчлэн засвар механикийн завод нь цехүүдийн урсгал засварт зориулж жил бүр 500-600 тонн төрөл бүрийн ган хоолойнуудыг тонн 1,180-1,200 ам.доллараар худалдан авдаг байсан бол 2017 онд шууд үйлдвэрлэгчээс нь нэг тонн тутмыг 680-813 ам.доллараар худалдан авч тонн тутамд 387 ам доллар хэмнэж, жилдээ 314 мянган ам.доллар буюу 770 сая төгрөгийг бас хэмнэсэн байна.

Энэ мэтээр хувьд очсон нэг жилийн хугацаандаа “Эрдэнэт” 15.1 тэрбумыг шахаанаас хэмнэж чадсан бол ахиад төрд очсоноороо “Чонод хонио хадгалуулав” гэгч болох вий гэсэн болгоомжлол байгааг нуугаад яах вэ. Уг нь УИХ төсөв хэлэлцэх үеэрээ яг ийм асуудлууд дээр анхаарлаа хандуулж, хаана ямар боломж байгааг, хаанаас хэдийг хэмнэж болохыг хэлэлцдэгсэн бол шахсан бяслаг шиг төсөв батлахад амархан байлаа гэж.

Ж.Эрхэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж