Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг барууны орнуудын дунд хагарал үүсгэхийн тулд сонгуулийн кампанит ажилд хөндлөнгөөс оролцож, хэвлэл мэдээллээр худал гүжирдлэг тарааж байгаад буруутгажээ.
Тереза Мэй Лондон хотод болсон нэгэн хүлээн авалтын үеэр Кремлийн эрх баригчийн далд явуулгыг буруутгаж, дэлхийн дэг журамд аюул заналхийлж байна гэжээ.
Барууны талаар явуулж буй Путины далд явуулгын талаар дэс дараалан дурдахдаа Тереза Мэй “Орост ганц л үг хэлье. Та бүхний юу хийж байгааг бид мэднэ. Бас та нар ингээд амжилт олохгүй. ОХУ манай ардчиллыг басамжилж, эрх чөлөөт, нээлттэй нийгэм, барууны улс орнуудын эв нэгдэлд аюул заналхийлж байна. Бид өөрсдийгөө хамгаалахын тулд холбоотнуудтайгаа хамтран шаардлагатай бүхнийг хийх болно” гэжээ.
Их Британийн ерөнхий сайдын хатуу мэдэгдэл тус улсын гадаад харилцааны төрийн нарийн бичгийн дарга Борис Жонсоны энэ оны эцсээр Москвад хийх айлчлалын өмнө ОХУ-д өгсөн анхааруулга болж байна.
Тереза Мэй ОХУ-ыг Крымийг Украинаас салгаж, өөртөө нэгтгэснээс хойш Донбасст өдөөн хатгалга дэгдээж, Европын хэд хэдэн орны агаарын орон зайд зөвшөөрөлгүй нэвтрэн, кибер тагнуулын кампанит ажлыг идэвхжүүлсэн гэж буруутгажээ.
Тэрбээр “Их Британи ОХУ-тай Хүйтэн дайн дэгдээхийг хүсэхгүй байгаа ч ОХУ энэ мэт далд явуулга хийсээр байвал өөрийн улс болон Европ цаашлаад дэлхийн бусад улс орнуудын эрх ашгийг хамгаалахын тулд арга хэмжээ авах болно “ гэжээ. ОХУ одоогоор Тереза Мэйн мэдэгдэлд хариу тайлбар хийгээгүй байна.