Б.Алтанцэцэг: Зээлийн хүүг бууруулахад маш сайн тооцоо, судалгаатай хандах ёстой

Хуучирсан мэдээ: 2017.11.14-нд нийтлэгдсэн

Б.Алтанцэцэг: Зээлийн хүүг бууруулахад маш сайн тооцоо, судалгаатай хандах ёстой

Б.Алтанцэцэг: Зээлийн хүүг бууруулахад маш сайн тооцоо, судалгаатай хандах ёстой

МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, дэд профессор Б.Алтанцэцэгтэй ярилцлаа.


-Монголд зээлийн хүү өндөр байна гэх гэх шүүмжлэл их байдаг. Сүүлийн үед зээлийн хүүг бууруулах талаар улстөрчид, эдийн засагчдын түвшинд хаа, хаанаа ярих боллоо. Тэгэхээр зээлийн хүүг бууруулах зөв гарц нь таны бодлоор юу вэ?

-Зээлийн хүү гэдэг маань зах зээлийнхээ зарчмаар тодорхойлогдож байгаа нэр төрлийн үнэ юм. Үнэ учраас эрэлт, нийлүүлэлт, зах зээлийн нөхцөлөөсөө хамаарч тодорхойлогдоно. Дор хаяж л зээлийн зах зээл маань хэр өрсөлдөөнтэй байна вэ. Ажиллах орчин нь хэр эрсдэлтэй байна вэ гэх зэрэг олон хүчин зүйлээс хамаарна. Эдгээр хүчин зүйл нь эрэлт, нийлүүлэлтдээ нөлөөлнө. Ингэснээрээ зээлийн хүү маань тодорхой түвшинд тогтож байгаа гэсэн үг. Зах зээл дээр тогтож байгаа хүү хүмүүсийн хүлээж байгаагаас өндөр байна гэх шүүмжлэл бий. Тэгвэл яг юутай харьцуулж өндөр гэж дүгнэж байна вэ гэдгээ тодорхой болгох ёстой. Жишээ нь хүү ямар түвшинд байх ёстой юм бэ гэдгийг тодорхойлоод, тэрэнтэй харьцуулахад өндөр байна гэж ярих хэрэгтэй юм. Энэ тохиолдолд ямар түвшний хүү, зах зээлийн ямар нөхцөлд оршин тогтох ёстой вэ, манайх тэрнээс юугаараа ялгаатай байна вэ, юу хийх ёстой вэ гэдэг зүйлүүд нь тодорхой болчих юм. Нэгэнт зээлийн хүү гэдэг маань өөрөө үнэ учраас үүний талаар ярихдаа бид болгоомжтой байж, аль болох объектив хандах хэрэгтэй. Учир нь хүмүүсийн өндөр, намын тухай ойлголт харилцан адилгүй. Зээл авах гэж байгаа эрэлт талдаа хүү өндөр харагдаж байж болно. Гэтэл зээл нийлүүлж байгаа талд харин ч илүү өндөр байлгах шаардлагатай ч байж болно шүү дээ. Зээлийн хүүг шууд бууруулна, эсвэл өсгөнө гэж сэтгэлийн хөдлөлөөр ярих нь зохисгүй. Үр дүнд ч хүрэхгүй. Нөгөөтэйгүүр зээлийн хүүгийн талаар хэт субъектив байдлаар хандаж, сэтгэл хөөрлөөр асуудлыг шийдэх нь эргээд маш өндөр эрсдэл, зардлыг бий болгох аюултай. Тийм учраас маш судалгаа, тооцоотойгоор хандах ёстой.  

-Манай нөхцөлд яагаад зээлийн хүү өндөр тогтоод байна вэ?

-Зээлийн хүү өндөр байгаа нэг шалтгаан нь зах зээл дээр байгаа эрсдэл. Ямар ч тохиолдолд тухайн зээл аюулд орох эрсдэл байгаа үед тэр зардлыг заавал тооцож, шингээхээс өөр арга байхгүй. Үүнээс гадна зээлийн хүү өндөр тогтож байгаа бас нэг шалтгаан зах зээлийн өрсөлдөөн байж болно. Мэдээж аливаа зах зээлд өрсөлдөөн бага байвал үнэ өндөр тогтдог. Хэрвээ өрсөлдөөн багатайгаас болж өндөр хүү тогтож байна гэдгийг нотолчихвол өрсөлдөөнийг нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг хийх ажил нь тодорхой болчихно. Тэгэхээр юунаас болж хүү өндөр тогтоод байна вэ гэдгээ л маш сайн тодорхойлох ёстой. Түүнээс биш хүү заавал бага байх ёстой зүйл ч биш. Манай нөхцөлд зээлийн хүү яг тийм, ийм түвшинд байх ёстой гээд нотолчихсон судалгааны ажил би лав олж хараагүй байна. Бага хүү гэдэг маань өөрөө яг хэдэн хувийг ярьж байна вэ гэдэг нь ч тодорхойгүй байна шүү дээ.

-Ерөнхийдөө зээлийн хүү жилийн нэг оронтой тоонд очих ёстой гэж олон хүн ярьдаг л даа?

-Олон хүн ярилаа гээд зөв гэсэн үг биш. Мэдээж олон хүн зээлийн хүү нэг оронтой тоонд байх ёстой гэж ярьж болно. Учир нь манайд эрэлтийн тал нь их шүү дээ. Өөрөөр хэлбэл, зээл авах сонирхолтой, шаардлагатай хүмүүс олон байна. Тэд бүгд л зээлийн хүүг бууруулахыг хүснэ. Би ч бас бага хүүтэйгээр зээл авахыг хүсч болно. Тэглээ гээд тэр нь  зээлийн хүү заавал бага байх ёстой гэсэн үг биш.

-Тэгвэл Монголын хувьд зээлийн хүү байх ёстойгоосоо өндөр түвшинд байна уу, бага түвшинд байна уу?

-Би хувь хүнийхээ хувьд хоёр фактороор л хүү өндөр байж магадгүй гэж бодож байна. Нэгдүгээрт, манай систем өөрөө маш их тодорхой бус байдалтай байна. Бодлогын, засаглалын, бүтцийн тодорхой бус байдал их. Энэ бол эдийн засагт байх ёстой зүйл биш. Энэ бол зохиомлоор бий болгож байгаа, шийдэх боломжтой эрсдэл. Тодорхой бус байгаа үед хүү өндөр байхаас өөр аргагүй. Нөгөө талаас зах зээл буюу банкны сектор маань өрсөлдөөн харьцангуй бага байна л гэж харж байгаа. Өрсөлдөөн багатай секторт үнэ байвал зохихоосоо өндөр тогтох жишиг эдийн засагт бий. Энэ нь магадгүй хүүг өндөр байлгах шалтгаан болж магадгүй. Маш ерөнхийгөөр харвал ийм л байна.

-Улстөрчдийн хувьд хүүг бууруулах цаг болсон, үүн дээр төрийн бодлогоор оролцох ёстой гэж ярих болсон. Төрийн бодлого гэдгийг хэрхэн томъёолж болох вэ?

-Төрийн бодлого гэдгээ хэрхэн томъёолж байна вэ. Хүү хэт өндөр байна гэдгээ яг яаж тооцоолоод гаргаж ирж байна вэ. Байвал зохих хүүгээ ямар үндэслэл, тооцоогоор гаргаж ирэв гэдэг асуултыг бодлого тодорхойлж байгаа хүмүүсээс асуух ёстой л доо. Тэгээд хариуг нь авсны дараа бид энэ асуудлыг үнэхээр ярих ёстой юу, үгүй юу гэдэг нь гарч ирнэ. Дараа нь авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь ярьж байгаа үндэслэл, шалтгаантайгаа уялдаатай байна уу, үгүй юу гэдгийг харж болох юм. Дээр хэлсэнчлэн олон хүн нэг юм ярихаар тэр нь зөв гэсэн үг биш. Нөгөөтэйгүүр олон хүн санал нийлээд, нэг ажил хийлээ гэхэд тэр нь заавал сайн үр дүнтэй байдаг гэсэн баталгаа байхгүй. Тэгэхээр маш үндэслэлтэй, тооцоотойгоор хандаж, мэргэжлийн хүмүүс асуудлыг хэлэлцээд, шийдвэрлэх боломжтой.

-Зарим улстөрчид зээлийн хүү, хадгаламжийн хүүн дээр хязгаар тогтоох ёстой гэх болсон. Энэ зөв алхам мөн үү?

-Энэ бол маш буруу. Бид өөрсдөө өчнөөн жил социализмын системд амьдраад, ямар үр дүнд хүрсэн бэ гэдгээ мэдэж байгаа. Арай мартчих болоогүй байлгүй дээ. Зах зээлд, үнэ хэрхэн тогтоход төр оролцоод эхлэхээр зайлшгүй түүнийг дагасан асуудал гарч ирдэг. Хүүнд хязгаар тогтоолоо гэж бодъё. Энэ нь зах зээлийн байх  ёстой түвшнээс доогуур тогтчихвол зээлийн хомсдол бий болно. Олон хүнд зээл олдохоо болино гэсэн үг. Өндөр үнэтэй ч гэсэн олон хүн авах боломжтой байсан зээл маань олдохоо байж, цөөн хүнд бага хүүтэй олддог болно. Магадгүй энэ нь авлига, лобби цэцэглэх нэг үндэс, суурь л болох байх. Нэгэнт  бид зах зээлийн системд амьдарч байгаа үед үнийг төрөөс оролцож шууд шийдэж чадахгүй.

-Монголбанкны зүгээс банк, санхүүгийн салбарын хууль, эрх зүйн орчинд өөрчлөлт оруулахаар болж, тодорхой 10 гаруй хуульд өөрчлөлт оруулах, шинээр санаачлах ажлыг эхлүүлээд байгаа. Хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулснаар зээлийн хүү буурахад тодорхой түлхэц болж өгөх боломжтой юу?

-Хууль эрх зүйн орчинг сайжруулж болно. Гэхдээ миний харж байгаагаар манай улс сүүлийн 20 гаруй жилд хууль, эрх зүйн орчноо байнга сайжруулж ирсэн. Алдаан дээрээ сургамж аваад, сайжруулаад л явж байгаа. Гэвч хуулийн хэрэгжилт гэдэг зүйл орхигдсоор ирсэн. Тэгэхээр хууль, эрх зүйн орчин сайн байлаа гээд хэрэгжүүлэх механизм байхгүй бол төдийлөн үр дүнд хүрэхгүй. Цаасан дээрх хуулиудаа хараад бид сайн хуультай гэж ярих хангалтгүй. Сайн хууль, сайн хэрэгжилттэй хамт л явах ёстой. Гэвч наад зах нь төсвийн хуулийг л харахад жилд хэдэн удаа засвар ордог билээ дээ. Тэгэхээр одоо цаасан дээр хуулиа сайжруулахаас илүүтэйгээр хууль хэрэгжих механизмыг бий болгох, ажилладаг болгоход анхаарах хэрэгтэй. Мэдээж хуулиа сайжруулах нь нэг том алхам. Гэвч тэрний дараагийн хамгийн чухал алхам нь хэрэгжүүлэх механизм байх ёстой.

-Таны бодлоор Монголд зээлийн хүү нэг оронтой тоонд орох боломжтой юу. Боломжтой гэж үзвэл үүнд хэр их хугацаа хэрэгтэй вэ?

-Инфляцийн түвшин 8 гэж яригдаж байгаа үед хүү нэг оронтой тоо руу ороход хэцүү. Хүү гэхээр бодит болон нэрлэсэн хүү гэж байгаа. Инфляци дээр бодит хүүгийн түвшинг нэмснээр нэрлэсэн хүү гарч ирнэ. Тэгэхээр иргэдийн шууд төлж байгаа хүү бол инфляци шингэсэн нэрлэсэн хүү. Тэгэхээр Монголбанкны түвшинд нэрлэсэн хүүг бууруулахыг зорьж байгаа бол дор хаяж, инфляциа бууруулах ёстой шүү дээ. Энэ утгаараа хэрвээ Монголбанк инфляцийн түвшинг 8 орчим хувь гэж харж байгаа нөхцөлд хүүг нэг оронтой тоонд оруулна гэдэг хэцүү.

-Ярилцсанд баярлалаа.

Б.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж