Дэлхийн алтны таван том ордын нэг “Кумтор”

Хуучирсан мэдээ: 2017.11.14-нд нийтлэгдсэн

Дэлхийн алтны таван том ордын нэг “Кумтор”

Дэлхийн алтны таван том ордын нэг “Кумтор”

Төв Азийн Киргиз улс нээлттэй бодлого сонгосны ачаар дэлхийн улс гүрнүүдтэй чөлөөтэй харилцах үүд хаалга нээгдэж, 1991 оны наймдугаар сарын 31-нд тусгаар тогтнолоо зарлаж, олон улсын байгууллагын гишүүнд элсэх нь “Кремль”-ээс хараат бус болсонд байлаа.

НҮБ-ийн бүрэн эрхт гишүүнд элссэний дараа тус улсыг хүлээн зөвшөөрч, Европ, Ази, Америк, Африк тивийн олон улс орнууд дипломат харилцаа тогтоосон. Энэ үеэс Европын холбооны улсууд болон АНУ-тай улс төрийн төдийгүй, эдийн засаг, санхүүгийн харилцаа нээгдэж, тэдний тусламж дэмжлэгийг авч эхэлжээ. Түүний тод жишээ нь Канадын хөрөнгө оруулалттай, Киргизийн алтны томоохон уурхай “Кумтор” юм.

Канад улсын Олон улсын эрдэс баялаг, хөгжлийн хүрээлэнгээс (CIRDI) “Уул уурхай дахь төрийн оролцоо” сэдэвт цуврал семинарыг санаачлан хөгжиж буй оролцогч орнуудын дунд жил бүр ээлжээр зохион байгуулж, уул уурхайн салбарын талаар баримтлах төрийн бодлогын асуудалд зохих анхаарал хандуулж, 2016 онд Улаанбаатар,  Мьянмар, Бишкек хотод тус тус хийсэн байна. Ийм нэгэн семинарт оролцох, Кумторын уурхайтай танилцах боломж, Монголын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Уул уурхайн ассоциаци, “Эрдэнэс Тавантолгой” компани, Монголын дипломат байгууллагын төлөөлөлд олдож билээ. 

Иссык Куль мужийн Жеты-Огузский дүүргийн  Барскоон суурины 4200 м өндөрт Ак-Шийрак мөнхийн мөсөн уулын бүсэд байх “Кумтор” нийслэл Бишкек хотоос 350 км зайтай.  Энэ уурхай алтны нөөцөөрөө дэлхийд эхний тавд орох, 700 тонн алтны нөөцтэй юм.

“КУМТОР”-т ОРОХОД ХАТУУ ШАЛГУУРТАЙ

Уурхайд очихын өмнө нь эмнэлгийн нарийн үзлэгт заавал оруулдаг. Даралт, зүрхний хэмнэл, нүдний хараа, хууч өвчин, сахарын болоод элдэв харшилтай эсэх гээд 19 төрлийн үзлэг, шинжилгээг өөрийн биеэр очиж өгөх, тэнцсэн хүн эхний зөвшөөрлөө авна. Эмнэлгийн үзлэг нарийн стандартаар гурван үе шаттай хийгдэх ба Бишкек дэх төв офиссийн эмнэлэгт, дунд нь 4200 метр “Кумтор” өөд өгсөхийн өмнө, сүүлд нь яг уурхайд очих зааг дээр болдог. Бишкекээс автобусаар гарч, өндөр уулаад өгсөхийн өмнө унаагаа сольж, тусгай тоноглогдсон “форд” жипэнд дөрөв дөрвөөр нь суулгана. Уулын орой мөнх цэвдэгтэй учир уурхайн хавьд бүхэлдээ цас ихтэй, цавчим оргилууд нүд гялбам цайран харагдах нь сүрдмээр байдаг. Уурхайд өвөлдөө -38 -45 хэм, зундаа +13 хэмээс дээшилдэггүй. Эрс тэс уур амьсгалтай тул уурхайд ирсэн бүхэн дахин эмчийн үзлэгээр орж даралт, зүрхний хэмнэлээ үзүүлдэг.

Уурхайтай танилцуулахын өмнө ирсэн зочдыг дотоод журам,  аюулгүй байдлын арга хэмжээг мөрдөх нэг цагийн сургалтад хамруулдаг. Уг сургалтад цас, мөс ихтэй орчинд унах, халтирахаас сэргийлэх, зэрлэг амьтад тааралдахад айж сандрахгүй байх, газарчилж яваа хүний үг, үйл хөдлөл бүрийг анхааралтай дагаж гүйцэтгэх, хувийн ямар нэгэн “тоглолт” хийхгүй байх, өөрөөс шалтгаалах техник аюулгүй байдлыг хангах зэрэг санамж, видео бичлэг үзүүлээд гарын үсэг зуруулдаг.

АЛТНЫ УУРХАЙН ҮЙЛДВЭРЛЭЛ

1978 онд “Киргизгеологи” геофизикийн экспедиц уурхайг нээсэн, 1989 онд ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Үнэт метал, алмааз эрдэнийн Ерөнхий удирдлагын газар уурхайн ТЭЗҮ-ийг хийжээ. Тухайн үедээ уг төсөл нь 995,4 сая рубль (тэр үеийн ханшаар 1,46 тэрбум ам.доллар)-ын өртөгтэй төслийг хэрэгжүүлэхэд дэндүү их зардал гарах тул ашиглахаа хойшлуулжээ.

1991 онд Кыргызстан улс тусгаар тогтносныхоо дараа судлагдсан ашигт малтмалаа өөрсдөө мэдэн ашиглах, улмаар барууны орнуудын хөрөнгө оруулалтыг бие даан татах боломж нээгдсэнийг дээр дурдсан. Тус улсын Засгийн газар гадаадын хэд хэдэн хөрөнгө оруулагч нарыг судалсны үндсэн дээр Канадын уул уурхайн “Камеко” корпорацийг сонгож, 1992 оны арванхоёрдугаар сарын 04-ний өдөр Торонто хотод “Кумторалт” төслийн ерөнхий хэлэлцээрт хоёр тал гарын үсэг зуржээ.

1993 онд “Кумтор Оперейтинг” компани байгуулж, 1994-1995 онд уурхайн ТЭЗҮ, санхүүгийн баримтуудыг баталгаажуулах ажил дуусч, уурхайн ажил эхлэхэд бэлэн болж, 1996 онд “Кумтор”-ын алтны үйлдвэрийн нээлт хийж, 1997 оноос үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлж, хэвийн горимд шилжсэн байна. 2004 онд төслийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн улмаар “Центерра Голд Инк” компани байгуулж, хоёр тал хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг шинэчилсэн байна.

2006 онд уурхайн үйлдвэрлэлийн шинэчлэлд Канадын талаас 95 сая ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт хийж, 2009 онд хоёр тал төслийг шинэчилсэн нөхцөлөөр баталж, алтны үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нэмэгдүүлэхийн тулд 2010 онд 196,7 сая ам.доллар, 2012 онд 370 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, уурхайд нэмэлт ихээхэн ажил гүйцэтгэсний үр дүнд ашиглалтын хугацааг сунгаж, Киргизийн талтай 2023 он хүртэл ашиглахаар “тохирсон” байна.

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЯВЦ

Алт боловсруулах үйлдвэр өдөрт 17-18 мянган тонн хүдэр боловсруулж, нэг тонн хүдэр дунджаар 3 хувийн алтны агуулгатай, хүдрийн хамгийн том нь 9 метрийн диаметртэй, дөрвөн тээрмээр 20 микрон хүртэл бутлан ялгадаг. Энд дуу чимээ, их нүргээнтэй тул үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зөвхөн дэлгэцээр хянадаг.

Ашиглалтад орсноос хойш тээрэмд анх удаа түр зогсолтоор их засварыг 2016 онд хийж, шинэ тоног төхөөрөмж суурилуулсан. Хүдрийг тээрэмдэж, боловсруулан ялгаж, “нүүрсний” технологиор хүдрээс алтыг салган авах хүртэлх олон дамжлагын нэг багцад 5-8 өдөр зарцуулдаг.

Алт хайлуулах цехийн үйл ажиллагааг гадаадын иргэдэд үзүүлдэггүй ч зарим мэдээллийг олж авав. Цехэд ердөө хоёр хүн ажиллана. Хэвэнд цутгахаас өмнө алтны сорьц авч, 70-75 хувийн алт агуулсан нэг гулдмайг дээд тал нь 26 кг жинтэй цутгаж үйлдвэрээс эцсийн бүтээгдэхүүн болгон гаргадаг. Өнгөрөгч онд 16,1 тонн алт үйлдвэрлэж, “Кумторт” хэрэгжүүлж буй уг төслөөс улсын төсөвт 8,3 тэрбум сом буюу 123 сая ам.доллар төвлөрүүлжээ. Одоогийн байдлаар энэ уурхайн үйлдвэрлэл Киргиз улсын нийт экспортын гуравны нэгийг дангаар бүрдүүлж байна.

Алтны уурхайд ус хэмжээгээр хэрэглэдэг боловч энд усны асуудал ямар ч бэрхшээлгүй. Кумторын уурхайгаас доошоо 7 км зайд 89 мянган кв.м талбайг эзлэх “Петрова” нэртэй  нуур бий. Дулааны улиралд уулын мөнх цас доод хэсгээсээ хайлж, олон жилийн өмнөөс энэ нуур тогтжээ. Эндээс уурхайн үйлдвэрлэл техникийн болоод ахуйн хэрэглээний усыг ашигладаг. Нэг жилд уурхайн хэрэглээнд  6-6,5 сая шоо метр ус зарцуулдаг. Салхины урсгалын эсрэг талд нуур байх тул уурхай дээр хийгдэх тэсэлгээний тоос шороо усыг бохирдуулахгүй, байгаль орчны аюулгүй байдал бүрэн хангагдсан байна.

Үргэлжлэл бий

Г.Сумъяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж