Хэвлэлийн эрх чөлөө, хүний эрх гэх малгай дор бид мөн ч их туйлж байна даа. Тэр тусмаа ард түмний дундаас сонгогдож УИХ-д суусан нөхдийг том жижиггүй ихээхэн баалах юм. Сүүлдээ бүр хувийнх нь амьдрал руу хэт халдаж, бараг л хөнжил гудсыг нь сөхөхдөө тулж байгаа нь харамсалтай. Сайнтай муутай байж сав дүүрэг нь амьдрал хорвоогийн жам юм хойно УИХ-д сайн нь ч бий, саар нь ч бийг нуугаад яахав. Улс орны эрх ашиг, ард түмний төлөө үнэн бодит дуу хоолой болж явдаг цөөнгүй гишүүд байгааг яагаад үгүйсгээд байна вэ. Үгүйсгэх шалтгаан бас хэнд байна вэ… Үгүйсгэлийг үл тоож яваа хэд хэдэн хүн Монголын төрд бий. Тэдний нэг бол УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа. Түүний хувьд захиргаадалтын үед буюу 1986 онд Дархан хотын Угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдэлд эдийн засагчаар ажлын гараагаа эхлүүлж аймгийн Засаг даргаас эхлээд УИХ-ын гишүүн, төрийн сайд хүртэл 30 гаруй жил төрийн албанд зүтгэсэн нэгэн. Энэ ч утгаараа намын бүлэг, Удирдах зөвлөлийн хурал, байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанд өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлдэг нэгэн. У.Хүрэлсүх намынхаа бүлгийг хоёр талцуулан алалцуулж байхад МАН-ын залуус ах нарынхаа энэ маргааны салхинд ч үймээд авсан. Энэ үед тэрбээр “Та нарт улс төрийн их урт зам байна, дүү нар минь нэгэндээ хэлж болно. Арай ч ингэж хатуу хөтүү хэлж болдоггүй юм. Та нар маргааш эргээд уулзана. Эр хүний замын хүзүү урт шүү” хэмээн захих зандрахын дунд хэлж л сууна. Хамгийн сүүлд гэхэд бизнесийн бүлэглэлээс их улс төрд шууд хөл тавьж өдгөө Ерөнхийлөгчийн суудалд заларсан Х.Баттулгад хандан тэр үнэнийг хэлсэн.
Энэ нь төрийн албаны ямар ч шат дамжлаггүй шуудхан л мөнгөөр зодоод их улс төрд орж ирсэн Х.Баттулгад ихээхэн сургамж болсон нь дамжиггүй.
Тэрбээр Ерөнхийлөгчид хандан “Та үндэсний эв нэгдлийг ханган ажиллаж байх ёстой хүн. Гэтэл даржин даржин зүйл ярьж, тулга тойрсон хэрүүл хийж явах юм. Одоо наад үлгэрээ боль. Яагаад гэмт хэрэгтэн, ялтан нь албан тушаал дэвшиж, яагаад энгийн гишүүд нь булхай, луйварчин болдог юм бэ. 60 тэрбум, 55 тэрбум л гэнэ. Та тэгвэл төмөр замын 600 тэрбумаа яах гэж байгаа юм бэ. Энэ хэрэг чинь эцэслэгдсэн үү. Битгий МАН-ын дотоод асуудалд хөндлөнгөөс хошуу дүрээд бай. Үнэхээр тэр 30 гэр бүл байдаг бол түүнийгээ нийтэд зарлаад хариуцлага тооцохыг нь тооц’ гэх мэтээр шуудхан л хэлчихсэн нь яг голыг нь олоод хатгачихсан. Н.Энхбаяр, С.Баяр нарын маргаанаас хойш МАН-ыг лидергүй боллоо хэмээн сүүлийн жилүүдэд ихээхэн цоллосон.
Ерөөсөө лидер гэж хэн юм бэ. Чуулганы индэр дээрээс хоосон чээжээ дэлддэг, ил далд хор найруулдаг, өрсөлдөгч намтайгаа үгсэн хуйвалддаг, болохгүй бол Ерөнхийлөгчөөс дэмжлэг авдаг, өөрийн эрх ашиг, хөрөнгө мөнгөний төлөө хэнтэй ч хамаагүй нэгддэг, болохгүй бол намаасаа зугтаад явчихдаг, өөр намд шургалдаг нөхдийг хэлдэггүй юм л даа.
Хамгийн наад зах нь “Тэр гэмт хэрэг хийсэн хүмүүсээ шалгаад нэг талдаа гарга, тэр 30 гэр бүл гэж байдаг юм бол ил тод зарла” хэмээн ямар ч айдасгүй хэлдэг. Нийгэм эдийн засагт буцалж буй буруу, зөвийн ялгааг чангахан хэлдэг, өөрийнхөө бус өрөөлийн төлөө үгээ хэлдэг, үйлдлээрээ харуулдаг хүнийг хэлнэ гэж ойлгож болно. Хамгийн наад зах нь Ерөнхийлөгчийнхөө өөдөөс “Та манай намын дотоод асуудалд бүү ороод бай. Тэр хийх ёстой ажлаа хий” гэж хэлж намаа өмгөөлж, хамгаалж чаддаг хүн чинь намын лидер юм шүү дээ. Намынхаа залуусын ирээдүйн эв нэгдэлд санаа тавьж чаддаг хүн ч нэг төрлийн лидер мөн. Түүнээс бус өөрийгөө тодруулах гээд л хэнтэй ч хамаагүй үгсэн хуйвалдаад явдаг, өөрийнхөө эрх ашгийн төлөө нам эвслээ хоёр хуваагаад хаяад явдаг нөхдийг хэлдэггүй юм. Би лидер болно гээд өөрийгөө тодруулах гэж явснаар ч лидер болчихгүй. Ерөөсөө лидерийг цаг үе, нийгэм өөрөө төрүүлдэг юм шүү дээ.
Т.Ганаа