"Салхи хайрыг тамгалж өгсөн"

Хуучирсан мэдээ: 2017.11.14-нд нийтлэгдсэн

"Салхи хайрыг тамгалж өгсөн"

"Салхи хайрыг тамгалж өгсөн"

“Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө

Ухаангүй дурласан хайрынхаа төлөө

Өөрийгөө зэмлээд чамайгаа уучлав ч

Өчүүхэн төдий сэтгэлд чинь хүрсэнгүй юу”.. Энэ дууны мөртүүд хүн бүрийн аманд дуулагдаж явсан нь саяхан мэт.  Гэвч, 15 жил өнгөрчээ. Тэртээх 15 жилийн өмнө ХИТ  болж байсан энэ дуу одоо ч  залуусын сонсох дуртай дууны нэг .1997 онд 3,4 хорооллын орцонд гитар дарж, дуулдаг байсан  сонирхол нэгтэй залуус зуслан дээр танилцсанаар одоогийн ‘Салхи’ хамтлаг байгуулагдсан түүхтэй.

“Хайрын тухай яримааргүй байна”,”Ухаарч  амжаагүй бүхний чинь төлөө”,”Сэтгэлээсээ урвасан хүн жаргадаггүй”, “Хайрлаач намайг’, “Нандин хайр”, “Мартагдашгүй хайр”,”Хагацал хүсээгүй хайр”… бид тэдний хайрын дууны ертөнцөд оршсоор  20 жил өнгөрчээ.

Мянга мянган залуусын зүрх сэтгэлийн дууч болж, олон  хайрыг түгээж явсан “Салхи” хамтлагийн залуус хэсэг хугацаанд нам гүмхэн байсан ч дахин тэсрэлт хийхээр  хамтлагийн 20 жилийн ойн тоглолтын товоо зарлаад  байгаа юм.

Тоглолтын бэлтгэлийн үеэр  хамтлагийн гишүүн Т.Дашдондогтой  цөөн хором ярилцлаа.

-Танай хамтлагийнхан тэр болгон тайзан дээр гараад байдаггүй. Ер нь хаагуур юу хийж явна вэ?

-Манай Д.Насанбат, А.Алтанхуяг, Б.Энх-учрал гээд бүгд л хувь хувийнхаа алба, амьдралыг хөөгөөд, өөрсдийн зурагдсан заяа төөргийнхөө замаар явж байна даа.

-Хамтлагийн гишүүд ямар мэргэжилтэй билээ?

-Програмист, орчуулагч, бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжил эзэмшсэн байгаа.

-Өнгөрсөн хугацаанд ‘Салхи’ хамтлагийг тарсан гэх мэдээлэл гараад байсан ?

-“Салхи” хамтлаг өнгөрсөн 20 жилийн хугацаанд тарж бутраагүй.  Идэвхтэй байгаагүй ч  гэсэн уран бүтээлээсээ хөндийрсөн удаа байхгүй.

-Энэ хугацаанд хэдэн цомог гаргасан билээ?

-“Салхи”, “Сонсох тусам”, “1998”, “Эрхэмсэг хөг” цомгууд гаргасан. Бидний уран бүтээлийн ихэнхийг  “Айзам 2” хамтлагийн С.Гантөр, О.Хүрэлбаатар ах нарын  маань дуунууд эзэлдэг. Энэ удаа ч гэсэн “Айзам 2” хамтлагийн ах нартайгаа ажиллаад бэлтгэлээ хийгээд явж байна.

-Тоглолтод  ямар бүрэлдэхүүнтэйгээр бэлтгэж байна вэ?

-Энэ удаад үзэгч, сонсогчдын сэтгэлд хоногшсон, сонсох дуртай дуунуудаа дуулна. Хөгжмийн багийн хувьд даралтат хөгжим С.Гантөр,  О.Хүрэлбаатар ах,  басс гитар “Fire” хамтлагийн Билгээ, соль гитар “Rek On” хамтлагийн Д.Цэнд, бөмбөрчин “Баянмонгол” чуулгын Н.Билгүүн нар тоглоно.

-Тоглолт хэзээ хаана болох вэ ?

-Энэ 25-ны өдөр  “UB Palace”-концертын их танхимд тоглоно. Ерөнхийдөө тоглолтын бэлтгэл ажилдаа орсон. Энэ удаагийн тоглолт нь бидний бие даасан дөрөв дэх тоглолт юм. Тоглолтын билет суух суудлаасаа шалтгаалаад 30000-40000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Ticket.mn онлайнаар билет захиалах боломжтой.

-“Салхи” хамтлагийг хүлээдэг  сонсох дуртай залуус олон байгаа. Удахгүй сэтгэл зүрхэнд хоногшсон хит дуунуудаараа уулзах тэр өдрийг хүлээх л үлдлээ.

-‘UB Palace’  сүүлийн хоёр жилийн хугацаанд маш гоё болж өөрчлөгдсөн. Үндсэн болон техникийн засвар үйлчилгээг  хийж гэрэл, дулаан, тохь тух зэрэг нь дээд түвшинд шинэчлэгдсэн. Биднийг сонсдог, дэмжиж ирсэн фенүүддээ баярлаж явдаг. Тоглолтын шуум явж эхлэхэд манай хамтлагийн цахим хаяг дэр олон үзэгч сонсогчид маань урмын сайхан үгс бичсээр байна. Тэд нарынхаа урмын үгээр цэнэглэгдэж, удахгүй болох тоглолтдоо бэлтгэлээ сайн хийж байгаа.

Хайр гэдэг энэ юм болов уу гэсэн тэр л мэдрэмжийг ‘Салхи’  хамтлагийн залуус хайрын дуунуудаараа тамгалж өгсөн.1990-ээд онд тэдэнтэй цуг байж, уран бүтээлээр нь амьсгалж байсан залуус  хуучны сайхан дурсамжаа сэдрээн 20 жилийн ойн тоглолтод хүрэлцэн ирэхийг тэд урилаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж