УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй 2018 оны төсвийн төслийн талаар ярилцлаа. Тэрээр 2018 оны төсвийн ажлын хэсгийг ахалж байгаа юм.
-2018 оны төсвийн төслийг өнөөдөр батална. Ирэх жилийн төсвийг өмнөх жилүүдийнхээс ямар онцлог, давуу талтай, суурь эдийн засгаа хэр дэмжсэн төсөв болсон бэ?
-Засгийн газар 2018 оны төсвийг аравдугаар сарын 1-нээс өмнө өргөн барьсан. Шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа буцаан татаад, зарим нэг өөрчлөлтийг хийгээд УИХ-д өргөн барьсан байгаа. УИХ төсвийн төслийг нэлээн шахуу хэлэлцээд үндсэндээ дуусч байна. Шинэ Засгийн газрын өргөн барьсан төсөв өмнөхөөсөө сайжирсан хэд хэдэн зүйл бий. Нэгт, 2,7 их наяд буюу ДНБ-ий 9,5 хувьтай байсан төсвийн алдагдлыг бууруулаад найман хувьд хүргэж оруулж байна. Өөрөөр хэлбэл, 300 орчим тэрбум төгрөгөөр төсвийн алдагдлыг бууруулсан нь өөрөө сайн үзүүлэлт гэж бодож байна. Төсөвт алдагдал их байна гэдэг хамгийн муу зүйл. Хоёрт, эдийн засгийн өсөлтийг ирэх онд 4,2 хувьд хүргэнэ гэж үзсэн нь том дэвшил. Шинэ Засгийн газар гарч ирснээсээ хойш хэд хэдэн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж ОУВС-тай тохирсон. Өмнө нь ОУВС-гаас зөвшөөрөхгүй байсан зүйлүүд дээр ч тохиролцоонд хүрч чадсан. Тухайлбал, төрийн албан хаагчдад олгож байгаа ажлын үр дүнгийн урамшууллыг хэлж болно. 2017 онд 54.9 тэрбум төгрөг, 2018 онд 56 тэрбум төгрөгийг үр дүнгийн урамшууллаар өгөхөөр болсон. Бид төрийн албан хаагчдын цалинг нэмж чадахгүй байгаа. Нэмэх ганц арга нь ажлын үр дүнгийн урамшуулал болоод байна л даа. Мөн тэтгэврийг 133 тэрбум төгрөгөөр нэмж байна. Малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулсан хууль ирэх жилээс хэрэгжинэ. Ирэх хоёр жил 90 цэцэрлэг, 59 сургуулийн хөрөнгө оруулалтын зардлаар орж ирсэн. Мөн эрүүл мэндийн даатгалын санг тусад нь бие даалгахаар болж байна. Ингээд бодохоор 2018 оны төсөв бас ч гэж бололцооны болсон гэж үзэж байна. Зарим нэг хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн. 2016 оны төсөв болон 2017 оны төсвийн тодотголд бид шинэ хөрөнгө оруулалт тавьж ерөөсөө чадаагүй. Дандаа л он дамжсан хөрөнгө оруулалтуудаа дуусгах тал дээр анхаарч байсан. Харин 2018 онд 1,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирсэн. Үүний 700 орчим тэрбум төгрөг нь шинэ обьект байгаа. Шинэ сургууль, цэцэрлэг, соёлын төв. Энэ бол суурь эдийн засагт дэмжлэг өгч чадна гэж үзэж байна. Мөн төсвийн орлогыг 700 орчим тэрбум төгрөгөөр нэмж оруулж ирсэн. Ингэснээр орлогыг нэлээн сайн дайчилсан гэж бодож байгаа.
-Харин зарлага талдаа багасгаж чадаагүй юм биш үү?
-Нэлээн багасгасан. Гэхдээ 400 орчим тэрбум төгрөгөөр зарлага нэмэгдсэн. Энэ дотор хөрөнгө оруулалтын шинж чанартай зүйл байгаа, урсгал төсвүүд ч бий. Мэдээж төсөв янзын сайхан болсон гэж хэлж чадахгүй. Цаашид зарлагаа бууруулах, төсвийн сахилга батаа сайжруулах шаардлага зайлшгүй бий.
-Зардал дотор багтаж буй нэг удаагийн шинж чанартай, урсгал зардал нэлээн жин дарж байна. Энэ нь ОУВС-тай тохирсон төсвийн сахилга батыг хангах гэрээг зөрчихгүй юу?
-ОУВС-тай хийсэн гэрээнд бүх зүйлээ хасч, танана гэж суулгаагүй л дээ. Шаардлагатай зардал гарч ирвэл санхүүжүүлэлгүй яах вэ. Тэр хүрээндээ хөрөнгө оруулалтын болон шинээр бий болсон объектуудын урсгал зардлыг шийдэхээс өөр аргагүй. Тэр дагуу л явж байна. Дээр нь бид тэтгэврийг 130 гаруй тэрбум төгрөгөөр нэмсэн. Цалингийн нэмэгдэл хөлс дээр 56 тэрбум төгрөг суулгасан. Үүнтэй холбоотойгоор төсвийн зардалд 300 орчим тэрбум төгрөг нэмэгдсэн байгаа. Энэ бүх асуудал дээр ОУВС-тай хэл амаа ололцоод л явж байгаа.
-ОУВС-тай хамтрах хугацаанд төсвийн сахилга батаа сайжруулахыг үүрэгдэж буй. Төсвийн сахилга бат сайжруулах тал дээр ямар арга хэмжээ авах вэ?
-Сая төсөвтэй хамт орж ирсэн хуулиуд дээр төсвийн сахилга батыг сайжруулахтай холбоотой хууль бий. Энэ бол УИХ-ын гишүүд, нам эвслийн бүлэг, Ерөнхийлөгч, аудитын байгууллага гэсэн дөрвөн субъекыг хариуцлагажуулсан заалт оруулсан. “Та зардал нэмэх гэж байгаа бол хаанаас нь танах вэ гэдгээ тодорхой болго. Эсвэл энэ зардлыг нэмэхийг тулд орлогоо ингэж нэмнэ” гэдгээ тэнцвэржүүлэх ёстой. Түүнээс биш дураараа сургууль, цэцэрлэгийн төсөв тавиад байж болохгүй болсон. Төсвийн хуулийг боловсруулах Ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан. ОУВС-тай тохирсон хөтөлбөрийн хүрээнд зарлага гаргахын тулд орлого нэмэгдүүлдэг байдлыг больсон. Өмнө нь нүүрснээс олох орлогоо тэдээр нэмчихье, тэр мөнгөөрөө энэ хөрөнгө оруулалтыг санхүүжүүлчихье гэдэг байсан. Энэ байдлыг ОУВС-гаас хорьсон. Тэгэхээр бид өөр зарлагаас хасах л эрх олдож байна гэсэн үг. Тиймээс бид Ажлын хэсгийн хүрээнд нийт 125 орчим тэрбум төгрөгийн өөр зардлуудаас танасан.
-Тойрог руу чиглэсэн хөрөнгө оруулалтууд дандаа Засгийн газрын сайд, эсвэл төсвийн хуулийг боловсруулах Ажлын хэсгийн гишүүдийн сонгогдсон газарт байна гэсэн шүүмжлэл байгаад байна?
-Тийм зүйл байхгүй. Жишээлбэл, би Ажлын хэсгийг ахалсан хүн. Гэтэл манай тойрогт нэг ч ажил тавиагүй. Би өөрөө Ажлын хэсэгт орчхоод өөрийнхөө тойрогт хөрөнгө оруулалт суулгуулаад байвал ёс зүйгүй, хариуцлагагүй болно шүү дээ. Тэгвэл цаашид төсвийн Ажлын хэсэгт орох гээд энэ гишүүд чинь уралдаж гүйнэ шүү дээ.
-Ардчилсан намын бүлгээс ирэх оны төсвийн талаар дүгнэлт гаргасан. “Ирэх жил ЖДҮ-ийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр дорвитой арга хэмжээ аваагүй, нийгмийн халамж тал руугаа нэлээн хэлтийсэн байна” гэсэн. Энэ дүгнэлттэй та санал нийлэх үү?
-Сөрөг хүчний үүрэг бол төрийн бодлогын хаана ямар сул тал байгааг гаргаж тавих шүү дээ. Гэхдээ тэр шүүмжлэлийг бид боломж байвал авч байх хэрэгтэй юм. Ардчилсан намын бүлгийнхний хувьд “Багш эмч нарын цалинг үе шаттай нэм” гэсэн байсан. Гэхдээ ОУВС-аас манайд хэрэгжүүлж буй хөтөлбөрт цалин хөлсийг 2019 оны хоёрдугаар хагас дуустал царцаана гээд тохирчихсон. Тэгэхээр ярилцаж байгаад жаахан ч гэсэн нэмэгдэл өгье гэхээр ганц гарц нь үр дүнгийн урамшуулал болоод байгаа юм. Эсвэл буцалтгүй тусламж. Тэгэхдээ бүр зөвхөн нэг удаа өг гэсэн шаардлагыг ОУВС-аас тавиад байна. Бид ОУВС-тай 2019 он хүртэл хамт явж, хэдэн том асуудлаа шийдүүлэхээс аргагүй тул шаардлагыг хүлээж авахаас өөр гарцгүй.
-Төсвийн орлогыг хэр бодитой төсөөлсөн бэ. Зарим эдийн засагч орлогоо харьцангуй багаар тооцсон байна гэж хэлээд байгаа?
-Тун дажгүй төлөвлөсөн гэж би бодоод байгаа. 2018 онд шинэ татвар нэмэгдээгүй. Гэтэл өмнөх оноос, тэр дундаа бидний хийсэн хоёрдугаар тодотголын орлогоос 700 орчим тэрбум төгрөг илүү байгаа юм. Тиймээс татварын төрөл, хувь нэмжээ нэмэгдээгүй байхад орлогыг энэ хэмжээнд нэмэгдүүлнэ гээд тун дажгүй дайчилжээ гэж бодсон. Хэрэгжүүлэх явцад санаа зовох зүйлүүд бий. Жишээлбэл, нүүрснээс орох орлого. Яг одоо бол экспорт эрс багассан байгаа. Эхний долоон сарын байдлаар Монгол Улс 20 орчим сая тонн нүүрс гаргаж чадсан бол сүүлийн хэдэн сарын хугацаанд сард хоёр сая тонноос илүү экспортолж чадахгүй байна. Эндээс эрсдэл үүсч болзошгүй байгаа.
-2017 оны төсөвт хоёр удаа тодотгол хийсэн. Орлого нэмэгдэх хэрээр төсвөө тодотгоод, зарлага гаргаад байх нь зөв үү. Түүний оронд ирээдүйд хадгалах зарчмаар явж болох уу?
-Тодотгол гэдэг зүйлийг цаашид болих хэрэгтэй гэж ажлын хэсэг дээр ярьсан. Анх баталсан төсвөө жилийн хугацаанд баримталдаг болмоор байна. Орлого нь илүү гарвал дараа жилдээ тооцоод явж болно шүү дээ.
-Сангийн сайд Ч.Хүрэлбаатар шинэ Засгийн газар татаж авсан төсөл дээр реформын шинжтэй өөрчлөлт хийх боломж гараагүй гэсэн. Тэгэхээр хуучин төсвийн төслөөр бол он гараад л бараг тодотгол хийх болов уу гэсэн болгоомжлол байна?
-Би бол ирэх оны төсөвт тодотгол хийнэ гэж бодохгүй байна. Төсвийг тогтвортой байлгах хэрэгтэй. Ер нь жилийн төсвөө гурван удаа тодотгодог орон манайхаас өөр байхгүй байх шүү.
-45 хоног хэлэлцдэг төсвийг их богино хугацаанд хэлэлцлээ. Засгийн газар их чамбай төсөл өргөн барьсан уу, эсвэл ажлын хэсэг шахаж суув уу. Ер нь төсвийн төслийг хэр сайн шахсан гэж бодож байна?
-Бид сайн шахсан гэж хэлж чадахгүй. Мэргэжлийн хүмүүс нарийн үзвэл хэлэх зүйл бий л байх. Бид нэг буруу зуршилтай болчихсон байгаа нь асар өндөр зардалтайгаар төсвөө баталдаг болж. 2018 оны төсвийн долоо орчим их наяд нь зарлага байна шүү дээ. Цаашид энэ зарлагаа бууруулахгүй бол хоёр жилийн дараагаас төсөв ачааллаа даахгүйд хүрнэ. Төрийн албан хаагчдын тоо маш их болсон. Олон шат дамжлагатай, байгууллагууд бий болчихлоо. Энэ талаар Засгийн газар судалж байгаа юм билээ.
-Зарлага гээд ярихад Ерөнхийлөгчийн өрөөг засварлахад хагас тэрбум төгрөг суулгасан байна. Зөвхөн Ерөнхийлөгч гэлтгүй бүх л төрийн өндөр албан тушаалтнууд өрөөгөө засварлах төсөв суулгуулдаг. Энэ чинь өөрөө тэвчиж болох зардал биш гэж үү?
-Тэвчих л ёстой. Төр гэдэг гоё өрөөтэй байснаараа сайхан байхгүй. Энгийн бөгөөд хүндэтгэлтэй байхад л болно гэж би боддог. Манай төрийн барилга, байшингууд арай дэндсэн. Би шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа хоёр ч яаман дээр очлоо. Хөдөө аж ахуйн яаман дээр очсон чинь шинэ байртай болсон байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам гэж хачин жигтэй байртай юм байна. Энэ бүхэн чинь төсвөөс л гарч байгаа мөнгө шүү дээ.
-Энэ байдлыг Төсвийн байнгын хороо л дийлэх юм биш үү. Та нар л төсвийг нь хасаад өгчихвөл тэд татвар төлөгчдийн мөнгөөр тансаг байр барих боломжгүй л болно биз дээ?
-Төсвийг нь танах л хэрэгтэй л дээ. Арга ядаад бид нар Төрийн албаны тухай хууль дээр төрийн албан хаагчдын тоог тогтоож өгдөг юм билүү гэж яриад сууж байна. Сүүлийн дөрвөн жилийн дотор төрийн албан хаагчдын тоо 25 мянгаар нэмэгдсэн.
-Төсвийн зарлага дээр нэлээн дарамт болж ирдэг зүйлүүд төрийн өмчит компаниуд байдаг. Ашигтай ажиллаж байгаа нь нэг ч байхгүй. Гэсэн атлаа тэдний бүтэц гэж данхар том, орон тоо нь асар их. Ийм байтал өмч хувьчлалд Засгийн газар яагаад идэвхгүй хандаад байгаа юм бэ?. Энэ жил гэхэд Төрийн банкнаас өөр томоохон хувьчлал алга. Гэтэл энэ банкийг 2017 оны төсвийг хэлэлцэнэ гэж байхад л хувьчлах жагсаалтад оруулж л байсан?
-Миний хувийн бодлоор өмчийг хувьчлаад дуусгамаар байгаа юм. Одоо төрийн өмчит нийт 77 компани байна. Энэ дотор бүрэн хувьчилж болохгүй компаниуд байна л даа. Тэр нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой дулааны станц ч юм уу. Бусад онцын шаардлагагүй аж ахуйн нэгжүүд зөндөө бий. Эднийг алдагдалтай нь хувьчлах ёстой л байхгүй юу. Одоо яг адилхан үйл ажиллагаа явуулж буй компанийн хувийнх нь ашигтай, төрийнх нь ашиггүй байгаад байдаг. Тиймээс алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудыг хувьчлах хэрэгтэй.
-Гэхдээ дорвитой хувьчлалыг хийхгүй байгааг харахад төр өөрөө данхар байхыг хүсээд байгаа юм биш үү?
-Төрийн болон төрийн өмчит компаниудын албан хаагчдын тоо маш олон болсон. Тиймээс төрийн өмчит компаниудын асуудалд иж бүрнээр нь том менежментийн өөрчлөлт хийх шаардлагатай. Энэ чиглэлээр УИХ-аас Засгийн газарт 2017 онд тодорхой үүрэг өгсөн.
-2018 оны төсвийг дагаж ашигт малтмалын лицензтэй холбоотой хууль орж ирж байгаа нь гишүүдийн дунд маргааш дагуулсан. Энэ ямар зорилготой заалт юм бэ. Зарим гишүүд татвар нэмэх нь гэж шүүмжлээд байгаа?
-2018 оны төсвийг дагалдаж 15 хуульд өөрчлөлт оруулах, хоёр тогтоолын төсөл өргөн барьсан. Хууль тогтоогчдын төсвийн сахилга батыг сайжруулах хууль оруулж ирсэн. Энэ нь зарлага нэмэхээр бол аль зардлыг танах эсвэл нэмэлт орлого олох саналаа төсөвт санал өгөх эрхтэй бүтцийн байгууллага өгөх эрхтэй болж байгаа юм.Мөн татвараа төлдөггүй хууль бус наймааг цэгцлэх дөрвөн хуульд өөрчлөлт оруулахаар оруулж ирсэн. Энэ нь газар эзэмших, ашиглах эрх бүхий байгууллага шилжүүлэхэд татвар авах хуулиуд. Ажлын хэсэг үүнийг зөв гэж бодож байгаа. Инженерийн шугам сүлжээ бүхий газар газар олгохдоо дуудлага худалдаагаар явуулах асуудлыг оруулж ирж байгаа. Засгийн газраас анх оруулж ирэхдээ “эрхийн орлогын татвар” гэж оруулж ирснийг ажлын хэсэг “зөвхөн газар эзэмших, ашиглах эрхээ шилжүүлсэн тохиолдолд эрхийн орлого төлнө” гэж өөрчилсөн. Ингэхдээ Засгийн газраас 30 хувийн татвар авна гэснийг бид 10 хувь болгож бууруулсан. Одоо газар, ашигт малтмалын лиценз хоёр дээр үндсэн үйл ажиллагаа явуулдаггүй, цаасан дээр тоглолт хийж мөнгө олдог хүмүүс олон болчихсон. Энэ худалдааг цэгцлэх, цаасан дээр явагддаг бизнест хориг тавих зорилгоор оруулж ирсэн.