Хуучирсан мэдээ: 2017.11.14-нд нийтлэгдсэн

76:1

76:1 Засаг унагаагч

76:1 Засаг унагаагч

“Ньюс” агентлаг өнөөдрийн “76:1”-д УИХ-ын гишүүн Гомбожавын Занданшатарыг танилцуулж байна.

Норов тайжийн гуч, сум нэгдлийн дарга, Хөдөлмөрийн баатар Д.Гомбожавын хүү гэдгээр нь Баянхонгорынхон ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг андахгүй.

Улс төрийн карьераа 1998 онд одоогийн МАН-д элссэнээр эхлүүлж, намын дэргэдэх залуучуудын байгууллагад ажиллаж байгаад 2004 оны УИХ-ын сонгуулийн долдугаар тойрогт өрсөлдсөнөөр анхны ялалтаа байгуулжээ. Харин 2016 оны УИХ-ын сонгууль гурав дахь удаагийн ялалт нь болсон байна.

Ерөнхийлөгч Х.Баттулгатай нутаг нэгт төдийгүй холын хамаатан гэх яриа дагадаг. Түүнийг батлах мэт УИХ-ын сонгуульд дөрвөн удаа Баянхонгор аймагт нэр дэвшин өрсөлдөхдөө тойргоо ямагт зөрүүлжээ.

Одоо Г.Занданшатар гишүүн У.Хүрэлсүхийн танхимд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байна. Шинэ Засгийн газрын “гал тогоог барих” гол хүнээр томилогдсон юм. Гэхдээ Ж.Эрдэнэбатын танхимыг унагаж, сайд болсон нь “буруу жишгийн сайд” гэх “чимэг”-тэй болгосон.

С.Батболдын Засгийн газрын үед Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан түүнийг танхимын жаргал, зовлонг мэдрэхтэйгээ болсон тул Ж.Эрдэнэбатын эсрэг ажиллахгүй гэж мөрий тавих хүн гарсан ч 33-ын бүлэглэлд хэзээний багтсан байв. Мөн Засаглалын хямралын талаар лекц уншиж, бусдыг сургаж явсан болохоор танхимаа унагах юм чинээ хэний ч ой тоонд багтаагүй нь бас үнэн.

Түүнчлэн түүний бас нэг үнэн  “бялуу” хуваалцахаас өмнө 65-ын бүлэг дотор Г.Занданшатар шиг нэр хүндтэй гишүүн ховор байв. Учир нь, өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд УИХ-аас байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт багтаж ажилласны зэрэгцээ ард иргэдээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх томоохон ажлыг удирдсан нь хэр баргийн аавын хүүгийн сонсоод байдаггүй магтаалын эзэн болгосон юм. Гэвч энэхүү рейтинг нь удаан хадгалагдсангүй.

Удам судар, боловсролын төвшингөөрөө МАН-ын 65 дотроо толгойд бичигдэх улстөрчийн нэг яах аргагүй мөн ч “Хадгаламж” банкнаас дутсан 14 тэрбум төгрөгийн хэрэгт нэр нь холбогдсон байдаг. Дээрх хэргийг үйлдсэн гэх Ц.Чимэдцэрэнг ял авахад тухайн үед “У.Хүрэлсүх, Г.Занданшатар хоёр сугарч үлдлээ” гэх шүүмжлэлийг хэвлэлүүд бичжээ. Казино тоглосон гэх дуулиан ч энэ үеэр гарсан байна. Харин Г.Занданшатар гишүүнтэй ойрхон шадарладаг нөхөд нь “МАХН-ын дарга Н.Энхбаярын явуулгаас болж энэ хэрэгт нэр холбосон” гэж тайлбарлажээ.

Санхүү, эдийн засагч мэргэжилтэй тэрбээр ажлын гараагаа Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багшилснаар эхэлж байсан аж.

Харин 1996 оноос тухайн үеийн Хөдөө аж ахуйн банкинд Гадаад тооцооны газрын эдийн засагч, гадаад тооцооны менежер, улмаар тус газрын захирлаар, залгуулан Зээл, мөнгөний бодлогын газрын захирлаар ажиллаж байгаад 1999 онд Монголбанкны Сургалтын төвийн захирлаар томилогджээ.

Мөн онд түүнийг, дампуурлын ирмэгт тулсан Хөдөө аж ахуйн банкин дахь Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгчөөр томилон ажиллуулсан аж. Тэрбээр энэ ажлыг аваад тус банкинд бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөөг боловсруулж, банкийг сэргээн босгох, дахин хөрөнгөжүүлэх үйл ажиллагааг удирдан ажилласан байна. Үр дүн ч гарч тус банк үр ашигтай ажилладаг байгууллага болж чаджээ.

Тэрбээр 2012 онд УИХ-ын сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар хэсэг хугацаанд ажиллаж байгаад АНУ-ыг зорьсон аж. Тэнд 2013 оны 12 дугаар сараас Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнд судлаачаар ажиллажээ.

Энэ хугацаанд Монгол зэрэг хөгжиж буй орнуудын ардчилсан хөгжлийн загварыг хөгжингүй орнуудын ардчилалтай харьцуулан судалж, улмаар зөвлөлдөх ардчиллын онолыг Монголд нэвтрүүлэхээр ажилласан бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг ард түмнээр хэлэлцүүлсэн нь түүний онолынх нь нэг хэсэг байсан гэж хэлж болох юм.

Төгссөн сургууль, мэргэжил

1987 онд 10 жилийн 77-р дунд сургууль

1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч

2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль

Ажилласан байдал

1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш

1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,

1998-2000 онд Монгол Банк Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн

2000-2003 онд ХААН Банк Дэд захирал

2003-2004 онд Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд

2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2009-2012 онд Гадаад харилцааны сайд

2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга

2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

Шагнал

2004 онд “Санхүү Банкны тэргүүний ажилтан”

2006 онд “Эдийн засаг санхүүгийн тэргүүний ажилтан”

2009 онд “Алтангадас” одон

2011 онд “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд”

Гадаад хэл

Англи, Орос

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж