Аз жаргалтай хотын иргэн автобус унахыг "хориглоно"

Хуучирсан мэдээ: 2017.11.13-нд нийтлэгдсэн

Аз жаргалтай хотын иргэн автобус унахыг "хориглоно"

Аз жаргалтай хотын иргэн автобус унахыг "хориглоно"

Гэрэл зургийг Э.Энхбат

Хүйтний эрч улам чангарч, жавар хайрсан өвлийн өдрүүд ирлээ. Хүйтний улиралд хүмүүсийг чирэгдүүлдэг нэг асуудал бол нийтийн тээвэр. Нийтийн хөл дүүжлэх унаа болсон автобус ажил тарахтай зэрэг ‘буудаг’ нь нийслэлчүүдийг бухимдуулж байна.

Нийтийн тээвэр 07.00-22.30 цаг хүртэл иргэдэд үйлчлэх үүрэгтэй. Гэвч өвлийн улиралд гэгээ тасармагц автобусны бараа сураг алдарч, иргэд олон цагаар буудал дээр хонохоос наагуур болжээ. Ажил тарахтай зэрэгцээд автобус яагаад зогсдог болохыг ‘NEWS’ агентлаг хөндөж байна.

2017.11.13-ны 18.00 цаг. Бидний нэрлэж заншсан Спортын төв ордны баруун талын автобусны буудал дээр 30-40 орчим хүн унаа хүлээгээд зогсож байв. Автобус ирэхгүй удсаар, хүмүүс хүлээсээр. Цаг явсаар. Хөхөө өвлийн хүйтэнд хөгшин залуу гэлтгүй алга хавсарган, дороо дэвхцэх нь холгүй зогсож харагдана. Автобус ирэх зүг харуулдсан хүмүүс хойш урагш алхаж хүлээхдээ хийж байхаа олж ядна.

Хацар нь улаа бутарсан жаал хүү ээждээ ‘Хөл даараад байна’ гэх нь дуулдав. Зарим нь бүр хүлээж тэсэхээ болиод автобусны буудлын ойролцоох хүнсний дэлгүүр рүү дулаацахаар орцгоож байлаа. Дэлгүүрт орсон ч автобус ирэх зүгээс нүдээ салгахгүй харсаар л. Арай гэж цаг, хоёр цаг шахам хүлээлгэн ирсэн автобус нь зогсохгүй, хүмүүс араас нь гүйх нь гүйж, хашгирах нь хашгирч хоцров. Хажууд зогсох 50 гаруй насны эгч арга ядаад Нийтийн тээврийн гомдол, саналын утасны жижүүртэй ярьж байгаа нь дуулдлаа. Баахан гомдол тавьсны дараа нөгөөх эгчээс юу гэж хариулсныг нь сонирхвол, зарим автобус 19.30 цаг гээд буух ёстойг диспетчер хэлсэн гэжээ. Ажил тарахаар автобусаа зогсоодог манай нийтийн тээврийнхний тайлбар нэг иймэрхүү.

Хоёр гараа хооронд нь үрж зогсох Б.Нямаа “Зүүн салаа-Чингэлтэй дүүрэг-МУБИС” чиглэлийн 48 дугаартай автобусыг бараг цаг орчим хүлээж байгаа гэв. Тэрбээр “Саяхан автобус ирсэн л дээ. Хүмүүс ихтэй болохоор багтах зай байсангүй. Энэ хүйтэнд гадаа удаан зогсохоор даарахгүй юм гэж алга” хэмээн учирлаж зогсоно.

Ерөнхий боловсролын есдүгээр сургуулийн сурагч Ө.Шинэчимэг “Улаанчулуут-Их наран-МУИС” чиглэлийн 57 дугаартай автобусыг бас цаг гаруй хүлээж байна гэв. Тус чиглэлийн автобус удаан явдаг. Олон цагаар хүлээлгэдгийг автобус хүлээх хүмүүс шүүмжлэв. Ингэж удаан хүлээлгэчихээд ирэхдээ жолооч нь ‘зогсч байгаа, явахгүй’ гэж хэлээд үлдсэн зорчигчдоо буулгаад давхичихдаг гэнэ. Нийтийн тээврийнхнээс асуухаар ‘буух автобус’ гэх хоёр үгээр ам тагладаг. Яагаад ийм эрт автобус зогсдгийг нь асуухаар нийслэлээс ийм төсөв өгдөг, төсөвт нь тааруулж автобусныхаа явах цагийг зохицуулдаг гэлээ. Ерөнхий боловсролын гурав дахь ээлжээр хичээллэдэг хүүхдүүд, орой 19.00 цагаас хойш тардаг хүмүүс автобусаар үйлчүүлэхийг аль дарга нь ингэхэд ‘хязгаарлачихсан’ юм бол доо. Автобусаар явж үзээгүй дарга нарт ард түмэн явган алхах уу, автобусаар явах уу гэдэг нь хамаагүй байж болно л доо. Гэхдээ нийтийн тээвэрт ухаалаг үйлчилгээг нэмэгдүүлснээр орлого нь өссөн гэх. Гэтэл тэр орлого нь хаана, юунд зарцуулагддагийг нийслэлийн дарга нар минь хэлж өгнө үү.

ШУТИС-ийн нэгдүгээр курсийн оюутан Б.Цэдэнбал ‘Зүүн салаа-Чингэлтэй дүүрэг-МУБИС” чиглэлийн 48 дугаартай автобусыг хорин минут хүлээж байгаа аж.

Аль ч чиглэлд үйлчилгээ эрхэлж байгаа автобус компанийн урсгал 30-40 минут тасрах ёсгүй, 10 минут тутамд автобус ирж, зорчигчоо суулган зорчих ёстой. Гэвч “Зүүн салаа-Чингэлтэй дүүрэг-МУБИС”, ‘Улаанчулуут-Их Наран-МУБИС’ чиглэлд үйлчилгээ эрхэлдэг “Тэнүүн Огоо” ХХК энэ урсгалыг хангаж чадахгүй, зорчигчоо бараг хоёр цаг хүлээлгэж байна. Тус компанийн автобус яагаад ийм эрт буудгийг нь асуувал бас л нийслэлээс өгсөн төсөвт нь тааруулсан үйлчилгээ гэв. 

‘Нийслэлийн иргэдийг чирэгдүүлж байгаа энэ компанийн ард том эрх мэдэлтэн байгаа болохоор асуудлыг нь авч хэлэлцдэггүй, автобусууд нь эрт буучихдаг юм билээ. Би удаа дараа гомдол гаргасан, алдаагаа засдаггүй юм билээ’ гэж СХД-ийн иргэн Батжалбуу ярилаа. ‘Тэнүүн Огоо’-той холбоотой гомдол нийслэлийн санал гомдлын 310005 утсанд багагүй ирдэг гэж нэрээ нууцалсан эх сурвалж хэллээ. Харин нийслэлийн дарга нар иргэдийнхээ гомдлыг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргачихдаг аж.

Тэгвэл Нийтийн тээврийн газрын график төлөвлөлтийн мэргэжилтэн Ч.Ариунтуяа “Нийт 937 автобус, угсраа автобус, троллейбус 88 чиглэлд үйлчилж байна. Өдөрт 7000 гаруй иргэд нийтийн тээврээр үйлчлүүлж байна. Нийтийн тээвэр хүрэлцээтэй байгаа. Харин автобус ирэхгүй удаад байна гэдэг нь  замын түгжрэлтэй холбоотой. Нийтийн тээврийн зорчигч урсгал 10.00 цагаас эхэлж буурч, автобуснууд 13.00-16.00 цагийн хооронд хоосон явдаг. Харин орой ажил тарах цаг буюу 18.00 цагаас түгжрэл эхэлдэг. Автозамын түгжрэлтэй холбоотойгоор автобус хоорондын хүлээгдэл нэмэгдэж байна” гэсэн юм.

Багшийн дээдийн өмнөх автобусны буудал бас л пиг дүүрэн хүн. Автобусууд ирсэн ч зорчигч дүүрэн тул ихэнх нь багтахгүй үлдэх. М.Дуламсүрэн гуай Таван шар дахь гэртээ харихын тулд автобус 35 минут хүлээж байгаа аж. Аравдугаар хороолол орохоор автобус цаг шахам хүлээж байгаа С.Халиун хоёр ч автобусанд багтаж чадахгүй үлдсэн гэв.  

Буудал дээр зогсох хүмүүс автобус зогсож амжаагүй байхад нь амдан уралдаж очоод чихцэлдэх нь бараг хэвийн үзэгдэл болжээ. Жолооч араас ойрхон автобус ирж байгааг хэлэх ч, үгэнд үнэмшсэн нь цөөн. Дахиад л тэд 30, 40 цаг хүлээнэ. 

Тиймээс арай гэж ирсэн автобусандаа багтах гэж иргэд ёстой л ‘алаан болсон’. Хаалга онгойход уначихмаар арай ядан тогтож, хаалганд нь хавчуулдагдсан хүмүүст хандаж, автобусны жолооч “Багтахгүй байна, буу” гэж зандрахад нөгөөдүүл нь ч мөчөөгөө өгөлгүй “Битгий солиор” гэж хараалын үг хэлэх нь сонсогдлоо. Ёстой л овсгоотой, хүчтэй нь автобусаар ажилдаа явдаг, гэртээ харьдаг бичигдээгүй хууль нийтийн тээвэрт үйлчилж байна. Нийтийн тээврийн жолооч нарт нийтлэг үйлчилгээний журам гэж байдаг л баймаар. Гэтэл нийтийн тээвэрт явж байгаа автобусны жолооч нар буудал дээрээ зогсохгүй алгасаж давхих, хүмүүсээ гүйцэд буулгалгүй хөдөлдөг, өндөр настан, хөгшин хүмүүсийг харсаар байж хаяад явах нь хэвийн үзэгдэл болсон.

Энэхүү сурвалжлагыг бэлтгэсний дараа нийслэлчүүд бид хэзээ нийтийн тээврийн үйлчилгээнд сэтгэл хангалуун болох вэ гэсэн хариултгүй асуулт  л үлдлээ. Ингэхэд ажил тарахаар автобус нь зогсдог ‘Аз жаргалтай хот’-ын иргэд шүү дээ, ля, ля гэж амандаа аялангаа би ч бас автобусаа хүлээсээр л.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж