Хойд Солонгосоос “урвагчид”

Хуучирсан мэдээ: 2017.11.13-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосоос “урвагчид”

Хойд Солонгосоос “урвагчид”

Хойд Солонгосын ардын армийн үүрэг хүлээсэн цэрэг даваа гаригт өндөр хамгаалалттай хилийн бүсийг даван өмнөд хөрш БНСУ-руу оргожээ. Тэрбээр Панмунжом орчмоор хил давах явцдаа буудуулж, шархадсан талаар Өмнөд Солонгосын тал мэдээлэв. Шархадсан цэргийг эмнэлэгт хүргэжээ. Одоогоор хойдын цэрэг хэр хүнд шархадсан, ямар албан тушаалтай болон яагаад асар их эрсдэл үүрч эх орноосоо дүрвэсэн талаар олон асуулт хариултгүй байна. Панмунжом нь хоёр Солонгосыг заагласан өндөр хамгаалалттай  4 км өргөн хилийн бүсэд оршдог.  Тус бүсийг өргөст тор тусгаарлаж, тэсрэх бөмбөгөөр хавх тавьж, байлдааны бэлэн байдалд үүрэг гүйцэтгэн хамгаалдаг.

Үзэл суртлын ялгаа Солонгосын хойг дахь нэг үндэстнийг хоёр хувааснаас хойш даруй 70 гаруй жил өнгөрчээ. 1950-1953 онд дайны дараа хойгийн хойд хэсэгт БНАСАУ (нэг хүнийг тахин шүтсэн хатуу диктатуртай орон) өмнө талд нь БНСУ (ардчиллыг сонгож, техник технологи өндөр хөгжсөн орон) болон хуваагдсан. Дайны дараа олон зуун гэр бүл, хамаатан садан нэгэндээ эргэж очиж чадалгүй хилийн хоёр талд “хашигдсан” билээ. Тэд хоёр улсын харилцаа тайван үед жилд ганц удаа нэгнийхээ барааг харж сэтгэлээ дэвтээдэг. Хоёр Солонгосын хооронд зэвсэгт зөрчил намжсан ч энхийн гэрээ байгуулаагүй тул дайн дуусаагүй гэж үздэг.

Өнгөрсөн хугацаанд Хойд Солонгосоос 30 мянга орчим хүн Сөүл рүү дүрвэн ирсний олонх нь Хятадаар дамжжээ. Хятадаар дамжих нь ч Хойд Солонгосын дүрвэгсдийн хувьд өндөр эрсдэлтэй. Хэрэв тэд Пхеньяны ойрын холбоотон Хятадын цэргүүдэд баригдвал өчиггүй нутаг буцаагддаг. Хойд Солонгосын дүрвэгч иргэд эргэж очвол цаазаар авхуулах эсвэл бүх насаараа хөдөлмөрийн лагерьт хоригдох ял хүлээнэ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт Сөүлд айлчлах үеэрээ Хойд Солонгосыг “тамын орон” хэмээн цоллосон билээ.

Үүний зэрэгцээ өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосын дүрвэгч 29 настай Ли Тэквон олон улсад хандан эхнэр, 4 настай хүүг нь аврахыг гуйжээ. Тэд өнгөрсөн аравдугаар сарын 17-нд Сөүл рүү явах замдаа эхнэр, хүүхэд нь Хятадын цэргүүдэд баригдсан аж. Хятадын тал эхнэр, хүүхдийг нь Хойд Солонгос руу буцаавал тэд цаазаар авхуулах аюултай гэдгийг хэлжээ. Тэрбээр эхнэртэйгээ хамгийн сүүлд аравнэгдүгээр сарын 4-нд ярьсан аж. Өмнө нь 2015 онд Хойд Солонгосоос өсвөр насны цэрэг хил даван Сөүл рүү дүрвэжээ. Тэрбээр Хойд Солонгосын зүүн хэсгийн Ганвон мужаар дамжин хил давсан байв. Үүний дараа Хойд Солонгосын талаас хилийн зурвас дагуух тэсрэх бөмбөгнийхөө тоог нэмэгдүүлжээ.

Ён Ми Пак

Хойд Солонгосын иргэн, хүний эрхийн төлөө тэмцэгч Ён Ми Пак энэ оны эхээр “One young world” чуулга уулзалтад тавьсан илтгэлдээ эх орноосоо дүрвэсэн тухайгаа нулимс дуслуулан ярьсан юм. Тэрбээр Монголд хөл тавих мөчид эрх чөлөө, энх тайвныг олсноо дурсжээ. Ён Ми Пак 9 настай байхдаа найзынхаа ээжийг олон нийтийн өмнө цаазлагдахыг харж, 14 настайдаа эцгийгээ өөрийн гараар оршуулсан аж.  Тэрээр 2007 онд 13 настайдаа гэр бүлийнхнийхээ  хамтаар эрх чөлөөтэй амьдрахыг хүсэн эх орноосоо дайжсан байв. Энэ бол амжилттайгаар эх чөлөөг олж чадсан цөөн хэдэн хүний түүх юм. Үүний цаана хэчнээн хүн эрх чөлөөний мөрөөдөлдөө хүрч чадалгүй амь эрсдэж, хөдөлмөрийн лагерьт тарчилж байгаа нь тодорхойгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж