Хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөх ёсгүй гэв

Хуучирсан мэдээ: 2017.11.13-нд нийтлэгдсэн

Хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөх ёсгүй гэв

Хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөх ёсгүй гэв

            

Багш нарын хугацаагүй ажил хаялттай холбогдуулан Монголын сурагчдын холбоо, Монголын эцэг эхчүүдийн холбоо хамтран өнөөдөр /2017.11.13/ мэдээлэл хийлээ.

Тэд багш нарын цалин нэмэгдүүлэх асуудлыг үргэлж дэмжсээр ирсэн гэв. Гэхдээ хүүхдийн язгуур эрх ашгийг харгалзан үзэхгүйгээр хугацаагүй ажил хаяж байгааг анхааралдаа авч хүүхдийн эрхийг нэн тэргүүнд тавиасай гэж тэд хүсэж байгаа юм. Монгол Улсын Засгийн  газар энэ нөхцөл байдлыг ойлгож, цаашид багш нарын цалинг нэмэх асуудлыг яаралтай шийдвэрлэж, харилцан ярианы түвшинд ширээний ард сууж бодитой алхам хийхийг тэд уриаллаа.

Улсын хэмжээнд өнөөдөр 177 сургууль, 217 цэцэрлэг, 11 шинжлэх ухааны байгууллага хугацаагүй ажил хаялт зарласан. Орон нутгаас Архангай, Хэнтий зэрэг аймгийн 22 цэцэрлэг, сургуулийн багш нар ажил хаялтад нэгдсэн юм.

“Хүүхдүүд  хичээл номдоо явж чадахгүй байгаа нь зөрчлийн тухай хуулийн 7.11-д зааснаар, Хүүхдийн хувцас, хоол хүнс,  орон байраар гачигдуулсан, хүүхдэд эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсний зүйлийг хэрэглүүлсэн, хүүхдийн сурч боловсрох, хөгжих, эрүүл аюулгүй орчинд  амьдрах эрх зөрчигдөж байна. Хоёр талын үл ойлголцлоос болж  хүүхдийн язгуур эрх ашиг зөрчигдөх ёсгүй” гэж  Монголын сурагчдын холбооны гүйцэтгэх захирал Ш.Цэцэг хэлж байлаа.

Олон мянган хүүхэд хараа хяналтгүйгээр  гэртээ үлдэж, эрх ашиг нь ноцтой зөрчигдөж хүүхдийн амь нас эрүүл мэндэд хохирол учрах нөхцөл байдал бий болоод байна гэж тэд үзлээ. Иймээс Монгол Улсын Засгийн газар болон Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоодын үл ойлголцлоос болж Монголын ирээдүй болсон хүүхдүүд хохирох ёсгүй. Энэхүү байр суурин дээр  Монголын сурагчдын холбоо, Монголын эцэг эхчүүдийн холбоо хатуу зогсоно гэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж