Оросуудын дундаж наслалт 72.5 нас хүрлээ хэмээн статистикийн мэдээллийг үндэслэн ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Вероника Скворцова мэдэгдлээ.
ОХУ-ын Үндэсний статистикийн хорооны мэдээгээр энэ оны эхний есөн сарын байдлаар дундаж нас 72.5 хүрснээс гадна өмнөх оны мөн үетэй харьцуулахад нас баралт 2.8 хувиар буурчээ.
“Энэ нь 2017 онд өмнөх онтой харьцуулахад нас барсан хүний тоо 39.3 мянгаар буурсан гэсэн үг” хэмээн Эрүүл мэндийн сайд хэллээ.
Нас баралтад хүргэдэг шалтгаанууд бүгд буурсан дүнтэй байна. Тухайлбал, хатгалгаагаар нас барсан хүний тоо 19.4, согтууруулах ундаанд хордож нас барсан хүний тоо 19.3, сүрьеэгээр нас барагчдын тоо 16.9 хувиар тус тус буурсан байна.
Үүний зэрэгцээ нялхсын эндэгдэл энэ 2017 онд түүхэн доод түвшинд байгааг сайд онцоллоо. Оны эхний долоон сарын байдлаар нялхсын эндэгдэл 12 хувиар буурч, 1000 амьд төрөлтөд 5.3 байгаа юм. Энэ үзүүлэлт зарим мужид таван хувиас ч бага байгааг Эрүүл мэндийн сайд Вероника Скворцова хэллээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ