Монголчууд Ази номхон далайн уламжлалт анагаах ухааны төвтэй болох нь

Хуучирсан мэдээ: 2017.11.13-нд нийтлэгдсэн

Монголчууд Ази номхон далайн уламжлалт анагаах ухааны төвтэй болох нь

Монголчууд Ази номхон далайн уламжлалт анагаах ухааны төвтэй болох нь

Монголын уламжлалт анагаах ухааныг дэлхий нийтэд брэнд болгон таниулах чухал ажлыг эхлүүлэн Анагаахын Шинжлэх ухааны Их Сургууль болон “Мон Аналитик” компани санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр Төр хувийн хэвшлийн түншлэлээр Монголдоо их бүтээн байгуулалт хийсэн анхны томоохон ажлын эхлэл тавигдлаа.

Бидний нэрлэж заншсан Шарга морьтын аманд 13 мянган м.кв газарт Ази Номхон далайн уламжлалт анагаах ухааны төв байгуулагдах аж. Энэхүү төв баригдах газар нь уулс сүндэрлэсэн, ой модоор хүрээлэгдсэн, анагаах онцгой шидтэй рашаан байдгийг монголчууд андахгүй. Монголын сүүлчийн хатантан Эх дагина Дондогдулам сүсэглэн очиж, алжаал ядаргаагаа тайлдаг байсан түүхтэй.

Төр хувийн хэвшлийн түншлэлээр баригдах энэхүү төслийн санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээний үеэр ирсэн БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АШУҮИС-ийн эрдэмтэн багш, компанийн төлөөллөөс дараах мэдээллийг авлаа. 

Я.Цэрэндагва /АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны ОУС-ийн захирал/

Дэлхийн өндөр хөгжилтэй орны их сургуулиуд кампус цогцолбор хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг нь оюутнууд нийгмийн бусад асуудалд сатаарахгүй зөвхөн хичээлдээ анхаарлаа хандуулах боломжийг олгодог. Удахгүй байгуулагдах Ази Номхон далайн уламжлалт анагаах ухааны төв нь энэ жишгээр кампус хэлбэрээр байгуулагдахаар төлөвлөгдсөн. Ингэснээр уламжлалт анагаахын чиглэлээр суралцагчид суралцангаа ажиллах, амьдрах бүх нөхцөл бололцоогоор хангагдахаас гадна кампусд номын сан, кино театр, хөл бөмбөгийн талбай, усан бассейн гэх мэт оюутнуудад шаардлагатай бүхий л үйлчилгээ цогцлох юм. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Анагаахын Шинжлэх ухааны их сургууль Ази номхон далайн баруун бүсийн шилдэг 100 их сургуулийн нэг болох зорилтыг хэрэгжүүлэхэд төсөл чухал ач холбогдолтой хэмээн Эрүүл мэндийн яамны зүгээс төслийг дэмжиж буй нь төрөөс бодлогын хүрээнд дэмжиж буй хэрэг боллоо.

Ж.Болормаа /БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга/

Төр хувийн хэвшлийн түншлэл дээр тулгуурлан томоохон төсөл хэрэгжүүлэхээр болсон “Мон Аналитик” компанийн хувьд Уламжлалт анагаах ухааныг дэлхийд брэнд болгох эцсийн зорилготой болохоо онцолмоор байна.

Н.Бямбажав /“Мон-Аналитик” ХХК-ийн Ерөнхий захирал/

2019-2020 онд энэ төсөл хэрэгжиж, жилдээ уламжлалт анагаахын чиглэлээр 400-500 оюутан төгсгөхөөс гадна, уламжлалт эм эмийн ургамлыг стандартад нийцсэн лабораторид савлан нийлүүлэх, боломж бүрдэнэ. Монголчууд анагаахын чиглэлээр дэлхийд танигдах гарц бол Уламжлалт Анагаах ухаан мөн хэмээн санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр тус салбарын эрдэмтэн мэргэжилтнүүд санал нэг байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж