Филиппин улсад зохиогдож буй зүүн өмнөд Азийн үндэстнүүдийн холбоо буюу “AСЕАН”-ы дээд хэмжээний уулзалтад дэлхийн 20 гаруй орны удирдагчид оролцож байна.
Холбооны гишүүн орнуудын лидерүүдээс гадна АНУ, Хятад, Япон, БНСУ, Энэтхэг, Австрали, Шинэ Зеланд, Канад зэрэг орнуудын төрийн тэргүүн, удирдагчид хүрэлцэн очжээ.
Дээд хэмжээний уулзалтаар бүс нутгийн хэмжээнд тулгарч буй дөрвөн гол асуудлыг хэрхэн хэлэлцэж, ямар шийдэлд хүрэхийг дэлхийн улс орнууд анхааралтай ажиглаж байгаа юм.
Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргаан
Хятадаас гадна Азийн таван орон Филиппин, Вьетнам, Бруней, Индонези, Малайз өмнөд Хятадын тэнгисийг өөрийн улсын нутаг дэвсгэрт тооцдогоос энэхүү маргаан үүсэлтэй юм.
Эцэс төгсгөлгүй маргаан, сөргөлдөөний эх үүсвэр болсон энэ асуудал “AСЕАН”-ы дээд хэмжээний уулзалтын нэгэн халуун сэдэв байна гэж ажиглагчид таамаглаж байна.
Филиппиний Засгийн газраас гаргасан албан ёсны мэдэгдэлд бичсэнээр уулзалтын үеэр Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай асуудлаар талууд хэлэлцээ хийж эхлэхээр тохиролцжээ. Азийн олон үндэстэн хаяа дэрлэн оршдог, байгалийн асар их нөөц баялагтай Өмнөд Хятадын тэнгисийн бүс нутагт эзэмшлийн маргаанаас болж, зэвсэгт мөргөлдөөн гаргахгүй байх тухай журам гаргах гэж талууд 15 жил зарцуулж байгаа юм.
Филиппинд айлчилж буй АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп өмнөд Хятадын тэнгисийн маргаантай асуудлаар сөргөлдөгч талуудын хооронд зуучлагч, арбитрын үүрэг гүйцэтгэх хүсэлтээ илэрхийлсэн. Филиппиний гадаад харилцааны нарийн бичгийн дарга Алан Петер Кэйтаногийн хэлснээр дээд хэмжээний уулзалтаар талууд хэлэлцээрт гарын үсэг зурахаар болжээ.
Кейтано ням гаригт сэтгүүлчдэд хэлсэн үгэндээ “Асуудал нь ээдрээтэй, зөрчилтэй учраас ерөнхийлөгч Дутерте асуудлыг хүмүүсийн дунд дуулиан шуугиан дэгдээлгүй шийдэлд хүрэхийг зорьж байгаа” гэжээ.
Бээжинтэй нягт хамтран ажиллах сонирхолтой Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертегийн бодлого өмнөх ерөнхийлөгчдийн явуулж байснаас өөр. Дутерте хэлэхдээ “Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай асуудлаар гарсан ахиц бол талууд ядаж л хэлэлцээ хийхийг зөвшөөрсөн” гэжээ. Хятадын ерөнхий сайд Ли Көцян Филиппиний хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хятад улс маргааныг яриа хэлэлцээрийн аргаар шийднэ” хэмээн мэдэгджээ.
Энэтхэг-Номхон далай vs Ази-Номхон далай
Трамп Ази дахь олон хоногийн айлчлалаа “AСЕАН”-ы дээд хэмжээний уулзалттай давхцуулсан нь санамсаргүй тохиолдол биш, харин АНУ-ын хувьд тус бүс нутаг ямар чухал болохыг харуулж буй хэрэг хэмээн ажиглагчид бичиж байгаа юм.
Трамп болон Цагаан ордны албаныхан Ази-Номхон далай хэмээх албан ёсны хэллэгийг өөрчлөн Энэтхэг-Номхон далай хэмээн ярьж бичиж болсон нь АНУ-ын Азийн талаар явуулж буй стратеги бодлогын илрэл гэж үзэх үндэслэл байгаа юм. АНУ-ын зэвсэгт хүчний командлагч Жозеф Данфорд “АНУ-ын гол дайсан Хойд Солонгос биш, ОХУ дараа нь Хятад” хэмээн мэдэгдэж байсан удаатай.
Трамп “Ази-Номхон далай гэж хэлэхээ больё. Одоо Энэтхэг-Номхон далай гэж байя” гэсэн билээ. Мөн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон тус улсын гол түншийг Хятад биш, Энэтхэг хэмээн зарласан. Ази дахь 12 хоногийн айлчлалын сүүлийн өдөр Трамп Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертетэй уулзахаас гадна Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, Австралийн ерөнхий сайд Малкольм Тернбулл нартай уулзалт товлосон байна. АНУ энэ бүс нутаг дахь гол түншээ Энэтхэг, Австрали гэж харж байгаа юм.
Рохингьягийн асуудал
Мьянмарын угсаатны цөөнх, лалын шашинт рохингьячуудын асуудал “AСЕАН”-ы дээд хэмжээний уулзалтын бас нэг халуухан сэдэв байх бололтой. Лалын шашинт цөөн иргэдийг хавчиж шахсан засгийн газрын бодлогыг дэмжсэн гэгдэж олон улсын зүгээс шүүмжлэлтэй тулгарсан Мьянмарын төрийн зөвлөх Ан Сан Су Чи дээд хэмжээний уулзалтын үеэр үг хэлэх ажээ. Хавчлага, мөрдлөг, дарамт шахалтаас зугтсан Мьянмарын хагас сая шахуу рохингья хөрш Бангладеш руу дүрвэсэн.
Олон улсын зүгээс эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарсан Мьянмар энэ асуудлаар “AСЕАН”-ы орнуудаас дэмжлэг хүсэж байгаа бол Филиппиний гадаад харилцааны сайд Алан Петер Кейтано “тийш нь энхийг сахиулагчдыг илгээснээс хүмүүнлэгийн тусламж илгээх нь илүү чухал байгааг” онцолсон байна.
Худалдаа
“AСЕАН”-ы дээд хэмжээний уулзалт Вьетнамд болсон “Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт”-ын дараа болж буйгаар онцлог. Тус уулзалтаар Транс-Номхон далайн түншлэлийн 11 орон өргөн хүрээтэй худалдааны гэрээ байгуулахаар тохиролцсон юм. Харин Трамп энэ оны эхээр тус түншлэлээс АНУ-ыг гаргасан.
Бүсийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн орнууд болох Азийн 10 орон болон чөлөөт худалдааны бүсийн түншлэгч зургаан орон Хятад, Япон, БНСУ, Энэтхэг, Австрали, Шинэ Зеланд зэрэг орны удирдагчид анх удаа нэг дор цугларч байгаа нь энэ юм. Энэхүү дээд хэмжээний уулзалтаар түншлэгчид худалдааны гэрээ байгуулах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Харин АНУ ямар ч гэрээнд нэгдэхгүй нь тодорхой байна.