А.Оюунзул: Ижил найрлагатай эмийг олон төрлөөр хэрэглэх нь аюултай

Хуучирсан мэдээ: 2017.11.13-нд нийтлэгдсэн

А.Оюунзул: Ижил найрлагатай эмийг олон төрлөөр хэрэглэх нь аюултай

А.Оюунзул: Ижил найрлагатай эмийг олон төрлөөр хэрэглэх нь аюултай

Таны хүүхэд ханиад хүрээд, эдгэрэх нь удаан байна уу, хүүхдэдээ дур мэдэн эм өгөөд байгаа юм биш биз. Эдгээр асуултад хариулт авахаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны ажилтан А.Оюунзултай цөөн хором ярилцлаа.

 Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны ажилтан А.Оюунзул

 

-Бага насны хүүхэд ханиад хүрэх нь ихэсч, эм ууж, эмчилгээ хийлгэсэн ч ханиад нь эдгэрэхгүй удаан байна гэж ярих боллоо. Энэ үед ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

Хамгийн эхэнд вирус эсвэл нянгийн гаралтай эсэхийг нь зөв оношилж, зөв эмчилгээ хийх хэрэгтэй. Ханиад шуухинаа нь эмгэг жамаараа 7-10 хоногт эдгэдэг. Ердийн явцтай ханиадны үед амралт ажлаа зохицуулж, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэн, шаардлагатай бол зовуурь багасгах стеройдны бус үрэвслийн эсрэг эмүүдийг хэрэглэнэ. Хүүхдийн ханиад хурдан эдгэрэхгүй болохоор эцэг, эхчүүд хурдан эдгээх гэж хүчтэй эм, антибиотик өгч байна.  Энэ нь маш буруу. Учир нь вирусээр үүсгэгдсэн томуу өвчинд хэчнээн хүчтэй антибиотик уулгасан ч үр дүнгүй, цаашлаад эмийн гаж нөлөө үүсэх, антибиотикт дасал болох зэрэг олон сөрөг талтай

-Ханиад ямар нөхцөлд хүндэрдэг вэ ?

Иргэдийн ажил, амралтаа зөв зохицуулахаас ихээхэн шалтгаална. Хүн унтаж амарч,  хоол хүнсээрээ авах ёстой шим тэжээл, илчлэгээ авч, аль болох стрессгүй, сэтгэл санаа өөдрөг байх нь чухал. Мөн биеийн идэвхтэй хөдөлгөөнийг тогтмол хийх нь дархлаа тогтолцоог сайн байлгах, стресс зохицуулах сайн арга юм.

-Өвлийн улиралд агаарын бохирдол ихэсдэг. Агаарын бохирдол ханиад хүндрэхэд нөлөөлдөг үү ?

Мэдээж тийм.Бохир агаараар амьсгалаад байх нь уушгины өөрөө өөрийгөө  хамгаалах чадварыг сулруулна. Ингэснээр эдгэрэлтийн хувьд ч сөргөөр нөлөөлж ханиадны эдгэх явц ч удааширна. Ялангуяа тамхи татдаг тамхичин хүний хувьд ханиадны эдгэрэлт удаан байх хандлагатай байдаг.

-Хүүхдээ халуурсан үед гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ ?

Хүүхэдтэй айл заавал халуун хэмжигчтэй байх ёстой. Хүүхдэд зовуурь илэрч халуурахад халууныг заавал үзнэ. Хүүхдийн халуун 38 хэмээс дээш байвал эмчид үзүүлэх шаардлагатай. Харин  38 хэмээс доош буюу биеийн байдал нь харьцангуй гайгүй байвал гэрийн аргаар эмчилж болно. Халуурах шалтгаан нь олон учраас   нөхцөл байдлаасаа хамаараад өгөх зөвлөгөө янз бүр. Тийм учраас ерөнхий зөвлөгөө болох халуун бүлээн ус, жимсний шүүс гэхдээ элдэв төрлийн ундаа жүүс биш шингэн их уулгах. Бага насны хүүхдүүд хөхөө хөхдөг бол сайн хөхүүлж, буцалсан ус уулгах хэрэгтэй. Хэт бэгнэх, шалтгааныг нь ололгүйгээр бага зэрэг халуурах төдийд яаран халууны эмийг уулгах зэргээс зайлсхийгээрэй. Халуурах гэдэг нь өөрөө дархлаа тогтолцооны хариу урвал юм.Тиймээс эмчид хандан халууралтын шалтгааныг зөв оношилж эмчлүүлээрэй.

-Ханиадаа эдгээх гэж иргэд өөрсдөө дур мэдэн эм хэрэглэх тохиолдол элбэг. Энэ тохиолдол яг яах ёстой вэ?

-Тухайн эмийнхээ найрлагыг сайн харах хэрэгтэй. Тухайлбал, маш олон ханиадны эмүүд парацетамолын найрлагатай байдаг. Үүнийг мэдэхгүйгээр нэг найрлагатай ч худалдааны нэршил нь ялгаатай эмүүдийг нэг дор хэрэглэж байна. Энэ нь элгэнд ачаалал өгөх, тун хэтрэх цаашлаад эмийн хордлогод орохыг ч үгүйсгэхгүй. Яг ижил найрлагатай эмийг шингэн байдлаар уух, хатуу байдлаар залгих ч юм уу энэ нь өөрөө эмийн зохисгүй хэрэглээ болж байна. Ямар ч тохиолдолд эмчээс зөвлөгөө авч эмийг сонгоорой.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж