Ерөнхийлөгч өө! Хүн биш, хөгжил ярья

Хуучирсан мэдээ: 2017.11.13-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч өө! Хүн биш, хөгжил ярья

Ерөнхийлөгч өө! Хүн биш, хөгжил ярья

2017 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэв. Мэдээж, УИХ-д 65 суудалтай МАН яагаад ч Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй нь угаасаа ойлгомжтой, татвар төлөгчдийн 55 тэрбумыг төрийн албан хаагчдад тараахаар боллоо.

Үндсэн хуульд байхгүй үндэслэлээр томилгоон дээр хориг тавьсан нь алдаа болсноос Ерөнхийлөгч  УИХ-ын баталсан хууль, тогтоомж, шийдвэрт хориг тавих эрхтэй. Энэ эрхээ эдэлж, 55 тэрбум төгрөгийг тараах парламентын шийдвэрийг эсэргүүцэж хориг тавьсан нь Ерөнхийлөгчийн зөв.

2008-2012 онд засгийн эрхийг барьсан МАН-ынхан “Эх орны хишиг” нэрээр  “Эрдэнэс Тавантолгой”-г Чалкогийн барьцаанд тавьж 350 сая ам.долларыг, “Эрдэнэт”-ээс 250 саяыг, “Оюутолгой”-гоос 250 сая долларыг зээлж аваад халамж болгон хавтгайруулан тараасан нь хямралын үндэс болсон гэж эдийн засагчид одоо ч шүүмжилдэг. Үндсэндээ тэрхүү 800 тэрбум төгрөг өнөөдөр “үзье гэвэл үнс, харъя гэвэл хальс” болсон. “Эрдэнэс Тавантолгой”  өнөөдөр ч Чалкогийн хамаарлаас бүрэн гарч чадаагүй, зах зээлийн үнээс хямд нүүрсээ таван жил нийлүүлэх гэрээтэй.

Чуулганы хуралдааны үеэр Ерөнхийлөгчийн асуусан төрийн албан хаагчдад тараах 55 тэрбум, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хариулсан Чингис бондын мөнгөнөөс “Гашуунсухайт-Тавантолгой” чиглэлийн 267 километр төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан 270 сая ам.долларын жилийн хүү 55 тэрбум төгрөгийн аль нь их болохыг мэдэхгүй. Гэхдээ гээндээ ч, гоондоо ч гэгчээр асуусан, хариулсан хоёр яг тэнцэнэ.

Төсвийн орлого төлөвлөснөөс 25.4 хувиар буюу нэг их наядаар давсан тул парламент 2017 оны төсөвт тодотгол хийж,  У.Хүрэлсүхийн засаг татвар төлөгчдийн хуримтлуулсан  мөнгөнөөс 55 тэрбумыг зөвхөн төрийн албан хаагчдад тараахаар болсныг харвал шинэ засагт боломж байгаа ч, бодлого даанч алга гэмээр. Хямралыг халамжаар давна гэж төлөвлөж, төсөвлөж байгаа бол шүү дээ.

ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 2018 оноос  гурван төрлийн татварыг шатлалтайгаар нэмэхээр болсон. Ердөө сар хүрэхгүй хугацааны дараа Хүн амын орлогын албан татвар, Архи, тамхины онцгой албан татварыг шатлалтайгаар нэмнэ гэвэл У.Хүрэлсүхийн засаг нэг гараа иргэдийн халаас руу дүрж, нөгөө гараараа мөнгө тараахаар болж байна гэсэн үг.

Бяртай /бие бялдрын/ Ерөнхий сайдтай бяр /бодлогын/-гүй засгийн бодлогыг товчхон дүгнэвэл мөнгө зээлнэ, мөнгө тараана.   Яг л 2008-2012 оны С.Батболдын засгийн хавтгайрсан халамжийн бодлого шиг. Хамгийн мундаг санхүүчээ Сангийн сайдаар томилсон гэх У.Хүрэлсүхийн засаг анхнаасаа л буруу хөл дээрээ босчихлоо гэж хэлэх шалтгаан нь ч энэ юм. Чухам энэ сэдвийн хүрээнд халамжийн бодлогыг нь факттай шүүмжилсэн бол Ерөнхийлөгч том харагдах байв. Даанч хүнтэй ‘барилдсаар’ байгаа Ерөнхийлөгчийн үгийг сүүлдээ гөлөөг ч гэж тоох хүн олдохгүй шинжтэй:

Ерөнхийлөгч Х.Баттулга бодлого боловсруулдаг хүн биш л дээ. Гэхдээ түүнд засгийн бодлогыг шүүмжлэх эрх бий. Төрийн тэргүүний талаасаа ч, хувь хүнийхээ үүднээс  засгийн буруу бодлогыг шүүмжлэх, бүр  үгүй дээ л хориг тавих  том эрхтэй.  Гэвч, өнгөрсөн долоо хоногт өөрийнх нь хоригийг хэлэлцсэн чуулганы хуралдааны танхимд  Сангийн сайдын бодлогыг гэхээсээ Сангийн сайдтай “ноцолдсон” Ерөнхийлөгч өөрөө л “ширээн дээрээс” ойччих шиг боллоо.

“Загас бол хайрстай, хайрс нь бөөстэй” гэх бөөсний тухай үлгэр шиг асуудал болгоныг 30 гэр бүлтэй аваачиж нялаад байвал Ерөнхийлөгчийн үг улам үнэгүйднэ. Үг үнэгүйдэх тусмаа үйлдэл нь бас үнэгүйднэ.

 Тамгын газрын даргынхаа  гурван сая хүн & 30 гэр бүл гэж таацуулж, эсвэл тааж гаргаж ирсэн энэ мэт баримт, нотолгоогүй үг, яриагаа зогсоохгүй бол  Ерөнхийлөгч  та захын хүнээс “Женко” группын ерөнхийлөгч биш шүү гэх сануулга, шүүмжлэл сонсох болно.

Тэгэхээр, Ерөнхийлөгч өө!  одоо хүн биш хөгжил яръя. Пүүжээгийн эх орон, биш ээ Ерөнхийлөгчийн эх орон яагаад хөгжихгүй байгаа тухай л яръя.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж