Жүдо бөхийн өнөө цагийн домогт аварга Тедди Ринье ДАШТ-ээс 10 дахь алтан медалиа хүртлээ. Мароккогийн Марракеш хотноо өнгөрсөн амралтын өдрүүдээр болсон жүдо бөхийн хүнд жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд Ринье ээлжит түрүүгээ авчээ.
Тэрбээр Киргизстан, Гүрж, Тунисын бөхчүүдийг ялж, хэсгийн аваргын төлөө Монголын жүдоч Б.Тэмүүлэнг цэвэр ялсан. Улмаар хагас шигшээд Кубын тамирчныг, аваргын төлөө Бельгийн Тома Никифоровыг буулган авснаар алтан медаль хүртсэн юм. Хүрэл медалийг Кубын тамирчин Алекс Гарсия Мендоза гарджээ.
Ялалтынхаа дараа тэр 10 хуруугаа гозойлгон баяраа тэмдэглэжээ. Тэрбээр
“Өнөөдөр би өөрийгөө 100 хувь байсан гэж хэлэхгүй. Гэхдээ өглөөнөөс эхлээд сэтгэл санаа өөдрөг, сайхан байсан. Би 10 дахь алтан медалийг хүсэж байсан. Мөрөөдөж ч байсан. Гэр бүлийнхнийхээ өмнө мөрөөдлөө биелүүлж чадлаа. Одоо би урт хугацааны амралт авна. Надад амралт зайлшгүй хэрэгтэй байна. Мэдээж жиндээ анхааралгүй яах вэ, гэхдээ биеэ амраана даа. Ирэх жил, эсвэл 2019 оны дэлхийн аваргад оролцох эсэхээ одоохондоо мэдэхгүй л байна”
хэмээжээ.
Тэмцээнд 28 орны эрэгтэй 40, эмэгтэй 18 жүдоч зодоглосон. Монголын багийн тухайд эрэгтэйчүүдийн төрөлд ОУХМ Б.Тэмүүлэн, ОУХМ Ө.Дүүрэнбаяр нар хүч сорьсон юм.
Б.Тэмүүлэн эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Австри, улмаар Румыны бөхийг ялж, хэсгийн аваргын төлөө Францын Тедди Риньед ялагдал хүлээсэн. Торгуулийн барилдаанд Японы тамирчин Такеши Ожитанитай таарч, цэвэр ялагдсанаар тэмцээнээ дуусгасан юм. Харин Ө.Дүүрэнбаяр эхний тойрогт ОХУ-ын жүдоч Александр Михайлинд дийлдэж, дэлхийн аваргын татамиг орхисон.
Үнэмлэхүй жингийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн төрөлд 18 бөх барилдсанаас Японы жүдоч Сара Асахина түрүүлж, Босни ба Херцеговинагийн Лариса Серич, Тунисын Нихель Чейх Роухоу нар мөнгө, хүрэл медаль хүртсэн байна.
С.ЦЭЛМЭГ