Хачгийн халдвараар таван хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2017.11.13-нд нийтлэгдсэн

Хачгийн халдвараар таван хүн нас баржээ

Хачгийн халдвараар таван хүн нас баржээ

Хүний шинэ халдварын 75 орчим хувь нь мал, амьтнаас гаралтай ба зарим халдвар дахин сэргэх хандлагатай болоод байгаа талаар өнөөдөр /2017.11.13/ болж буй “Зоонозын халдвар, хүнсний аюулгүй байдлын хяналт, тулгамдсан асуудал” үндэсний хэлэлцүүлгийн үеэр мэргэжилтнүүд онцолж байв. 

Уг хэлэлцүүлгээр Монгол Улсын хүн, малын шинэ ба сэргэж буй зоонозын халдварт өвчин, ялангуяа анзаарагддаггүй болон сэргэж буй халдварт өвчин, нянгийн тэсвэржилтийн өнөөгийн байдал хүнсний аюулгүй байдалд үзүүлж болзошгүй эрсдэлийг салбарынхан үнэлэх ажээ.

Манай орны мал сүрэгт зоонозын бруцеллёз тэргүүтэй анзаарагддаггүй халдварт өвчин болон адууны ям өвчин дахин сэргэх хандлагатай байгаа гэнэ. Эдгээр халдварт өвчлөл нь хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд эрсдэл учирч болзошгүйг мэргэжилтнүүд ярьж байлаа. 

Ингээд салбарын мэргэжилтнүүдийн байр суурийг хүргэе.

Зооноз өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах

Н.Цогбадрах: Мал, ан амьтны халдварт өвчлөл хүнд халдварлах эрсдэл маш өндөр байна

-Зооноз өвчний төлөв байдал дэлхий нийтийн анхаарлыг татсан асуудал болоод байна. Манай орны хувьд сүүлийн жилүүдэд зоонозын өвчлөл хурдацтай нэмэгдэж байна. 2007 оныг 2017 онтой харьцуулахад зоонозын халдварт өвчлөл 16 дахин нэмэгдсэн. Харин өнгөрсөн оныг энэ онтой харьцуулбал халдварт өвчлөл хоёр дахин нэмэгдээд байна. Сүүлийн жилүүдэд малын тоо толгой ихэссэнтэй холбоотойгоор малын өвчлөл ихэссэн. Мөн ан амьтдыг хянаж, вакцинжуулж чадахгүй байна. Манай орон нүүдлийн шувуудын дамждаг гол зам учраас зоонозын халдварын эх уурхай болсон. Нэг жишээ хэлэхэд, манай төвийн судлаачид өнгөрөгч наймдугаар сард ОХУ-ын эрдэмтэн судлаачидтай хамтран Баян-Өлгий аймгийн хойд сумдад хийсэн тандалт судалгаа хийлээ. Уг судалгаагаар тус нутаг дэвсгэрээс тарваган тахлын 100 орчим эерэг сорьцыг илрүүлсэн. Энэ нь тэр нутагт тарваган тахлын өвчлөл маш идэвхтэй байгааг харуулж байгаа юм. Ийн байгаль орчинд мал, ан амьтны халдварт өвчлөл их байгаа нь хүнд халдварлах эрсдэл маш өндөр гэсэн үг.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны мэргэжилтэн Б.Энхтунгалаг

Б.Энхтунгалаг: Иргэд мэдлэг, мэдээллээр маш дутмаг байна

-Олон жилийн судалгаанаас харахад ард иргэдийн дунд мэдлэг, мэдээлэл маш дутмаг байна. Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнтэй харьцаж буй иргэд эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлж, малын эм бэлдмэлээ зөв хэрэглэх шаардлагатай. Мөн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний тээвэрлэлт маш чухал. Гэтэл өнөөдөр эдгээр бүтээгдэхүүнийг ердийн тээврээр тээвэрлэсээр байгаа нь эрсдэлтэй. Ялангуяа дулааны улиралд сүү, цагаан идээ, мах амархан мууддаг. Олон улсын туршлагаас харахад, хөдөө аж ахуйн чиглэлээр үйлчилгээ эрхэлж буй хүмүүсийг сургалтад хамруулж, бүтээгдэхүүнээ ямар орчинд боловсруулж, хадгалах ёстой вэ, хувь хүн ямар мэдлэгтэй байх ёстой вэ гэдэг мэдлэгийг олгодог. Үүний дараагаар иргэдээс шалгалт авч, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зөвшөөрлийг нь олгодог байх жишээтэй. Монгол Улсад ийм шат дараатай систем байхгүйгээс хэн дуртай нь хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг ил задгайгаар худалдаалж байна. 

Зооноз өвчин судлалын үндэсний төвийн Эрсдлийн удирдлагын бэлэн байдал, тандалт судалгааны хэсгийн эрхлэгч Б.Дэлгэрмаа

Б.Дэлгэрмаа: Халдварт өвчний 80 гаруй хувийг хачгийн халдвар эзэлдэг

Монгол Улсад хачиг, бэтгийн халдварт өвчлөлийн асуудал тулгамдсан асуудал болоод байна. Нөгөө талаараа бараг шинэ асуудал болж хувираад байна. Манай оронд хуучин мал, ан амьтны боом, галзуу, тарваган тахал зэрэг нутагшмал халдваруудыг бүртгэж, сэргийлэх арга хэмжээг авдаг байсан. Харин сүүлийн жилүүдэд мэргэжилтнүүд хачгаар хүнд дамжих халдварыг эрчимтэй бүртгэж эхэлсэн. Манай оронд ойролцоогоор 10 гаруй хачгаар дамжих өвчлөл бүртгэгдээд байгаа бөгөөд мэргэжилтнүүд эдгээр халдвар өвчлөлийг тандаж, хянаж байна. 

Сүүлийн жилүүдэд ойн болон малын хачиг хүнд халдварлах тохиолдол их гарч байна. Хачгаар дамжих өвчин харьцангуй шинэ ойлголт учраас оношлогдохдоо удаан, иргэд ч хожуу эмнэлэгт хандах тохиолдол байсаар байна. Энэ жил нийт 1200 гаруй хүн хачгийн халдварт өртсөн. Зооноз өвчин судлалын үндэсний төвд бүртгэгдэж байгаа халдварт өвчний 80 гаруй хувийг хачгийн халдвар эзлээд байна. Мөн өнгөрсөн хугацаанд хачигт халдвараар таван хүн нас барсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн.

А.Сүрэн

Гэрэл зургийг Э.Энхбат

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж