Их Британид шуугиан дэгдээгээд буй ”News of the World” сонины эрхлэгч байсан Энди Кулсоныг цагдаа нар гар утас хакердсан хэрэгт сэжиглэн өнгөрсөн баасан гаригт баривчилсан боловч ямар ч ял зэмгүйгээр сулласан байна. Ерөнхий сайд Дэвид Кэмероны засгийн газрын харилцаа холбооны ерөнхий нарийн бичгийн дарга байсан Энди Кулсоныг ерөнхий сайдын сонгуулийн компанит ажлын үеэр хээл хахууль авсан, гар утас хакердсан хэрэгт буруутган баривчилсан юм. Энди Кулсон баривчлан саатуулах газраас гарсны дараа хэвлэлийнхэнд “Сүүлийн хэдэн сарын турш миний нэр энэ хэрэгт холбогдож байгаа учраас би сайн дураараа ирж байцаалт өгсөн. Муу муухай, шударга бус олон зүйлийг би дэлгэхийг хүсч байгаа ч би хэлж чадахгүй” гэж ярьжээ. Тус сонин алдартнууд, улс төрчид болон гэмт хэргийн хохирогчдын гар утсанд хууль бусаар нэвтэрсэн хэргээр хаагдахад хүрээд байгаа юм. ”News of the World” сонины хатан хааны гэр бүлийн сурвалжлагч Клайв Гудманыг мөн хээл хахуулийн хэрэгт сэжиглэн өнгөрсөн баасан гаригт баривчилсан боловч сулласан эсэх нь тодорхойгүй байна. Тэрбээр 2007 онд мөн гар утас хакердсан хэргээр дөрвөн сар шоронд хоригдож байжээ.
Н.Энх