Монгол бичгийн баталгаатай нэг бахархал нь өргөн уудам нутагтай, монголчуудын аль ч угсаатан, ястан өөр өөрийнхөө аялгаар унших нарийн ухаан юм. Тодруулбал монгол хэл аялгуутнууд “засаг”-ийг “жашаг”, “жасаг”, “яса”(-г); “тутам”-ыг “дутам”, “хөх”-ийг “гөх, “өндөр”-ийг үндэр, “цагаан”-ыг “чагаан” гэж өөр өөрийнхөөрөө уншиж, хэл аялгаа хадгалангаа “Монгол бичиг” гэх туган доор нэгдэнэ. Энэ нь монгол үндэстэн бичиг үсгээрээ нэгдэх төрийн их бодлого, мэргэдийн их ухаан байжээ. Түүнээс “ц-ч”, “з-ж”, д-т”-г өөр хооронд нь ялгах дүрс олох ухаан дутсандаа биш юм. Түүх сөхвөл 8, 9 дүгээр зууны үед энэ бичгийг Уйгаруудаас авахад ердөө 13 гийгүүлэгч, ганц эгшигтэй байсан. Манайхан авиагаа нэмсээр 14 дүгээр зуун гэхэд 123 үе, үсэгтэй өөрийн бичиг болгосон. Уйгарууд ч лалын шашинд орж, араб бичигт урваснаар бид босоо бичигтэй дэлхийн ганц үндэстэн болсон…
…Монгол бичгийн хоёр дахь бахархал нь монгол хэлний “түүх”-ийг хойч үедээ үлдээхийн тулд ганц ч үсэг гээхгүй бичих алсын бодол. Жишээлбэл, хутга(хи-ту-га), хядах(хи-ду-ху) хоёр “хядах, хяргах” утгатай “хиду-”; чарга(чир-га), чирэх(чи-рэ-хү) хоёр“чирэх” утгатай “чир-”; уул(а-гу-ла), агуу(а-гу-у) хоёр “агуу, том” утгатай “агу-” язгууртайг өнөөгийн бидэнд бэлхнээ үлдээсэн нь энэ. Өвөг дээдэс минь ийм ухаан сийлээгүй бол “хутга, хядах”-ын “ху-, хя-” хэдэн зууны өмнө “хи-” байсныг, “чарга”-ын “чар-” чирэхийн “чир-”-ээс үүссэнийг, “уул”-ын “агу-” агуу, ихтэй адилыг ийм амархан ойлгох байсан болов уу. Ингэхээр ярьдаг шигээ бичихгүй байгаа үндэс бүрийн ард үгийн язгуур, тасарч гарсан утга, туулж өнгөрүүлсэн зам, үндэсний сэтгэлгээ байдаг байх нь ээ…
…Монгол бичгийн гурав дахь бахархал нь монгол бичиг бол дөрвөн шалгуурыг нь давсан боловсон бичгийн хэл. Эхнийх нь таван гол ёс, дөрвөн зарчим, хоёр дүрэм гэх ончтой, цөөн дүрэмтэй. Харин өнөөгийн кирил бичиг 64 зүйл, 133 дүрэмтэй. Хоёрдахь нь гадаад үгийг монгол бичгээр бичих “Али-гали” гэх үсэгтэй, гуравдахь нь “Хорин нэгт”, “Гучин зургаат” мэт зөв бичих зүйн толь зохиож, хэл зүй нь тогтворжсон. Дөрөвдөх нь ганц сарын дотор Ганжуур, Данжуурыг орчуулж, “Мэргэд гарахын орон” мэт нэр томьёоны толь зохиож, орчуулах эрдмийн онол, арга зүйтэй болсон явдал.
Ингэхээр бичиг нь босоо учраас л босоо заяатай болчихсон, босоо бичгийг бид зохиосон гэж хамаагүй ярьж, цээжээ дэлдэж болохгүй нь ээ. Харин дээр ярьсан баталгаатай гурван бахархлыг “ба бэ”-гүй цээжлээд, бардам бахархаж болно шүү. Мэдээж, монгол бичгээрээ уншдаг бичдэг болчих хэрэгтэй. За бүүр байя, эхний ээлжинд нэрээ бүтэн, зөв, сайхан бичдэг болоорой, манайхаан!
Монгол бахархлыг монгол хүний оюун ухаан бүтээнэ!
“Егөөтэй 99 тайлбар” номын “Хэдүүлээ энүүхэндээ ярья. Хүн сонсвол шоолно шүү!” өгүүллийн хэсгээс