Д.Сумъяабазар: Гашуунсухайтын урт дарааллыг шийднэ

Хуучирсан мэдээ: 2017.11.13-нд нийтлэгдсэн

Д.Сумъяабазар: Гашуунсухайтын урт дарааллыг шийднэ

Д.Сумъяабазар: Гашуунсухайтын урт дарааллыг шийднэ

Гашуунсухайтын замд нүүрс тээвэрлэхээр дугаарлаж буй тээврийн хэрэгслийн цуваа өчигдрийн /2017.11.12/ байдлаар 84 км байлаа. Сарын өмнө энэ цуваа 130 км хүртэл үргэлжилж байжээ. “Уртын урт”-ыг болиулж нүүрсийг богино хугацаанд тээвэрлэдэг болчихвол бид олон хоног дугаарлаж зовохгүй гэдгээ тээвэрлэгчид учирлаж байв. Тэд нүүрсийг уурхайгаас урд хөрш рүү шууд тээвэрлэж буйгаа ийн “Уртын урт” гэж нэрлэдэг аж.  

Энэ замаар таван жил нүүрс тээвэрлэж буй жолооч С.Анхбаяр хэлэхдээ “Уурхайгаас нүүрсээ ачихын тулд 4-5 хоног дугаарладаг. Ачаагаа авчихаад Гашуунсухайт боомт хүртэл доод тал нь 12 хоног дугаарлаж байна. Тэгээд урд хөршөөс буцаад наашаа орж ирэх гэж 3-4 хонодог” гэсэн юм. Түүнтэй адил зовлонтой мянга, мянган жолооч Гашуунсухайтын замд “гаслаад” багагүй хугацаа өнгөрч байна.

Статистик тоогоор, энэ хэсэгт 7000 гаруй тээврийн хэрэгсэл Авто тээврийн үндэсний төвд бүртгэлтэй. Гэвч өдөрт ердөө 500-600 нь хилээр нэвтэрч байгаагаас болж, ийнхүү урт дараалал бий болжээ. Нөхцөл байдалтай танилцахаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазараар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт өнгөрсөн амралтын өдрүүдээр ажилласан юм.

Энэ үеэр Гашуунсухайт гаалийн газрын дарга Б.Даваасүрэн “Өнгөрсөн зургаадугаар сард өдөртөө 1600 гаруй машин гарч байсан. Манай боомтын хувьд зургаан гарцтай, бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой байгаа. Гэвч Хятадын талаас боомтын хяналт шалгалтаа чангатгаж, зургаан гарцынхаа хоёрыг нь ажиллуулж байгаагаас болж урт дараалал үүсэх болсон. Үүнийхээ шалтгааныг олон янзаар тайлбарлаж байна. Энэ арваннэгдүгээр сарын дундаас хэвийн ажиллаж эхэлнэ гэж мэдэгдсэн” гэлээ.

Монголын талаас хориотой бараа буюу буу, амьд чоно нэвтэрсэн гэж байгаа болов ч энэ нь албан ёсоор нотлогдоогүй байна. Мөн урт дараалал үүссэний улмаас Гашуунсухайтын замд гэмт хэрэг, ослын тоо эрс нэмэгджээ. Дугаарлаж буй жолооч нар архи ууж согтуурхсаны улмаас нэгнийгээ бэртээх, согтуугаар жолоо барьж, улмаар осол аваар гаргах болжээ. Одоогийн байдлаар 123 зөрчил илрээд байгаа ба үүний найм нь эрүүгийн шинжтэй байна.

Тухайлбал, 2016 онд дэлгэрээд байсан мансууруулах “мими” бодис илэрчээ. Мөн 17 ширхэг чонын тайрсан хоншоор, 800 грамм чулуу, 509 кг ямааны нойтон мах зэргийг нүүрс дунд хийж хил гаргах гэж байсныг илрүүлжээ. Энэ мэтчилэн олон асуудал үүсээд буй Гашуунсухайтын боомтод шаардлагатай арга хэмжээг нэн яаралтай шийдэх нь зөвхөн яам гэлтгүй Засгийн газрын анхаарал хандуулах асуудал гэж УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар онцлоод, Цагаан хад боомтыг дахин ашиглалтад оруулж, богино эргэлтээр ажиллах боломжийг Засгийн газарт танилцуулж шийдвэрлүүлнэ гэлээ. 


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж