ОУВС Грект 3,2 тэрбум еврогийн тусламж үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.09-нд нийтлэгдсэн

ОУВС Грект 3,2 тэрбум еврогийн тусламж үзүүлнэ

Олон улсын валютын сан (ОУВС) Грект дараагийн ээлжийн 3,2 тэрбум еврогийн тусламжийг үзүүлэх гэж байна. Сангийн Гүйцэтггэх зөвлөл Грек улсад хэрэгжүүлж буй “Стэнд Бай” хөтөлбөрийн үр дүнгийн талаарх тайлантай танилцсаныхаа дараа ийнхүү ээлжит дэмжлэгийг үзүүлэхээр болжээ. Одоогийн байдлаар ОУВС-гаас Грек улсад нийт 17,4 тэрбум еврогийн дэмжлэгийг үзүүлээд байгаа ба 2010 оны тавдугаар сарын 9-нд баталсан гурван жил хэрэгжих “Стэнд Бай” хөтөлбөрийн хүрээнд Европын холбоо болон ОУВС хамтарч Грек улсад нийт 110 тэрбум еврогийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр тогтсон юм.

ОУВС-гийн мэдэгдэлд Грек улс эдийн засаг, санхүүгээ бэхжүүлэх хөтөлбөрийг үе шаттайгаар эхлүүлж байгааг сайшааж, санхүүгийн алдагдлын хэмжээ нь 2012 оны эхний улиралд буурах хандлагатай байгааг онцолжээ. Цаашид тус улсын эдийн засаг тогтворжиж, өрсөлдөх чадвар нь харьцангуй сайжрах төлөвтэй байна гэжээ. Түүнчлэн хүлээгдэж байгаа олон чухал бүтцийн шинэчлэлийг яаралтай хийж, бодлогын чанартай сорилтуудад бэлэн байх хэрэгтэй гээд Европын төв банк болон бусад байгууллагуудад Грект үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхийг уриалжээ.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж