С.Чинзориг: Ажил хаялтыг зохицуулсан хуулийн заалт бий

Хуучирсан мэдээ: 2017.11.12-нд нийтлэгдсэн

С.Чинзориг: Ажил хаялтыг зохицуулсан хуулийн заалт бий

С.Чинзориг: Ажил хаялтыг зохицуулсан хуулийн заалт бий

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Эрүүл мэндийн даатгалын санг Эрүүл мэндийн яаманд шилжүүлэх асуудал маргаан дагууллаа. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу?

-Эрүүл мэндийн даатгалын санг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцаас салгаж, Эрүүл мэндийн сайдын багцад оруулах асуудал яригдлаа. Засгийн газарт би өөрийн байр сууриа илэрхийлсэн. Засгийн газар нэгэнт ЭМД-ын санг Эрүүл мэндийн сайдын багцад авах шийдвэр гаргасан учраас уг шийдвэрийг дагаж хэрэгжүүлнэ. Гэхдээ ЭМД-ын сан Эрүүл мэндийн сайдад шилжсэнээр санхүүжилтийн асуудлыг шийдэх боломж хязгаарлагдмал. Яагаад гэвэл, ЭМД-ын сан зөвхөн Засгийн газрын сан биш. Ажил олгогч эздийн байгууллага, Үйлдвэрчний эвлэлийн байгууллага, Засгийн газар гэсэн гурван талын оролцоотой байдаг. Ер нь ЭМД-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл бие даан ажиллаж байгаа. Үндэсний зөвлөлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд ахалж ажилладаг. Тэгэхээр ажил олгогч эздийн холбоо, үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтай хамтраад санхүүжилтийн асуудалд хяналт тавиад явах боломжтой гэж харж байна.

-Өмнө нь ажиллаж байсан сайд нар энэ асуудлыг яагаад эсэргүүцээд байсан юм бэ?

-Өмнөх сайд нар бол Засгийн газар дангаараа шийдэхгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Үүнийг буруу гэхгүй. Яагаад гэвэл ажил олгогч эзэд, үйлдвэрчний эвлэлтэй хамтарч шийдэх ёстой байтал Засгийн газар дангаараа шийдэж болохгүй. Мөн Эрүүл мэндийн яам бол олон улсын жишгээр бүтээгдэхүүн нийлүүлэгч юм. Яагаад гэхээр ихэнх эмнэлэг төрийн мэдэлд байна, Эрүүл мэндийн сайд томилгоо хийж байна. Тэгэхээр бүтээгдэхүүн нийлүүлэгч, бүтээгдэхүүн худалдан авагч хоёрыг Эрүүл мэндийн яам давхар хийж болохгүй. Гэхдээ ямар ч байсан Засгийн газар шийдсэн учраас явуулаад үзье. Цаашид гурван талын хяналт тавиад явах юм бол хүндрэлтэй асуудал гарахгүй байх.

-Н.Номтойбаяр сайд байхдаа “нас барсан иргэдийн нэр дээр тэтгэвэр авсан байна” гэж мэдэгдэж байсан. Энэ асуудлыг шалгаж байгаа юу?

-Би ажлаа аваад, дотоод асуудалд орж амжихгүй байна. Одоогоор үйлдвэрчний эвлэлийн байгууллага, багш нарийн түр хороодтой үг хэлээ ололцох, улсын хэмжээнд ажил хаялт зарлахаас урьдчилан сэргийлэх байдлаар ажиллаж байна. Мөн 2018 оны төсвөө батлуулах гэх мэт ажилтай байлаа. Гэхдээ өмнө нь авч байсан мэдээлэл бий. Тодруулбал, өнгөрсөн жил нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмжийн олголтын байдалд шалгалт явуулсан юм байна лээ. Уг шалгалтаар их хэмжээний зөрчил илэрсэн. Санаатай болон санамсаргүй байдлаар нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэвэр, тэтгэмжийг давхардуулан олгох, өөр хүний нэр дээр олгох, программын алдаа ч байж мэднэ хүний ажилласан жилийн давхардуулан тооцож, тэтгэвэр олгосон гэх мэт асуудал бий. Зөрчил нэг бүрийг арилгахын төлөө бид ажиллана, даатгалын санг хохиролгүй болгоно. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаа.

-Тэтгэвэр тэтгэмж давхардуулсан, хуулийн дагуу олгоогүй гэх энэ асуудалтай холбоотой нийт хэдэн төгрөгийн асуудал яригдаж байна вэ?  

-Яг одоо үнийн дүнг би санахгүй байна. Багагүй хэмжээний дүн гарсан.

-Засгийн газар багш нартай зөвшилцөж чадсан уу?

-Засгийн газар байгуулагдаад удаагүй байхдаа багш нартай Гурван талт хэлэлцээр хийсэн. Нөгөө талаас Сангийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. Багш нарт олгож байгаа нэмэгдэл хөлсийг олон шат дамжлагаар явуулж байгаа нь чирэгдэл учруулж байсан. Тэгэхээр цаашид нэмэгдэл, урамшууллыг олгохдоо боловсронгуй болгох асуудлаар санал нэгдээд, ажиллаж байна. Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооноос ажил хаяхгүй гэдгээ мэдэгдсэн. Харин Боловсролын үйлдвэрчний эвлэлийн түр холбоо 13-наас ажил хаяна гэж мэдэгдлээ. Тэдний төлөөлөлтэй уулзаад, нэгдсэн ойлголтод хүрнэ гэж найдаж байна.

Ажил хаялтыг зохицуулсан хуулийн заалт бий. Гурван талт хэлэлцээрийг Засгийн газар биелүүлэхгүй бол ажил хаях эрх нээгддэг. Гэтэл бид хэлэлцээрт өөрчлөлт оруулаад, гарын үсэг зурсан. Тэгэхээр энэ хүрээнд ажил хаялт байхгүй. Хоёрдугаарт, Гурван талт хэлэлцээртэй холбоотой хамтын маргаан үүсгэсэн тохиолдолд ажил хаях эрхтэй болдог. Одоогоор хамтын маргаан үүсгэсэн тохиолдол гараагүй байна. Иймээс ажил хаях үндэслэл байхгүй. Тиймээс багш нарын үйлдвэрчний эвлэл хуулийн хүрээнд хандах байх.  

-Хүүхдүүд Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвд очиж, долоон төрлийн үйлчилгээ авдаг байсан. Н.Номтойбаяр сайдын тушаалаар татан буугдаад, тоног төхөөрөмжийг “Өнөр бүл” төвд хадгалж байна. Энэ шийдвэрийг цуцалж болохгүй юу?

-Бид цаашид хүүхдийн хөгжил, хамгаалалтай холбоотой асуудалд анхаарлаа хандуулна. Миний авсан мэдээллээр хүүхдийн асрамж, хамгааллын 36 төв байдаг. Гэтэл 32 нь олон улсын байгууллага болоод, төрийн бус байгууллагын ивээл доор үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тэгэхээр Засгийн газар хүүхдийн асуудлыг ингээд орхиж болохгүй, онцгой анхаарал хандуулна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж