Хүүхэд харах үйлчилгээ сургуулийн өмнөх боловсрол олгох уу?

Хуучирсан мэдээ: 2017.11.12-нд нийтлэгдсэн

Хүүхэд харах үйлчилгээ сургуулийн өмнөх боловсрол олгох уу?

Хүүхэд харах үйлчилгээ сургуулийн өмнөх боловсрол олгох уу?

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны иргэн Б.Болормаа нөхрийн хамтын ‘Хүүхэд харах үйлчилгээ’ эрхлээд жил гаруй хугацаа өнгөрчээ. Тэд дүүрэгтээ 45 хоногийн сургалтад сууж, үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө авсан. Одоогоор байраа өргөтгөж, хүүхэд тоглох тухтай орчин бүрдүүлэхээр завсар хийж байгаа аж. 

Гэргий Б.Болормаа нь “Бид одоогоор хүүхэд харах үйлчилгээ эрхлэхгүй байгаа. Учир нь, үйлчилгээ эрхлэх байраа засварлах шаардлагатай болсон. Ирэх оноос өөрсдийн байраа илүү тухтай болгочихоод, хүүхдүүдээ харахаар төлөвлөж байна. Хуучин хамрагдаж байсан хүүхдүүдийн маань эцэг, эхчүүд хэзээ хүүхдүүдээ авах вэ гээд л асуудаг. Нөхөр бид хоёр хэдэн төгрөгийн зээл аваад үйлчилгээний төвөө тохижуулахаар хичээж л байна. Хуульд зааснаар Хүүхэд харах үйлчилгээний төвүүдэд хэт өндөр стандарт тогтоогоод байгаа юм шиг санагддаг. Гэхдээ бидний хувьд боломжоороо л байраа тохижуулж байна” гэдгийг хэлсэн юм. 

Харин энэ төв бол тус дүүргийн наймдугаар хороонд байрлах хүүхэд харах үйлчилгээний төв. “Тэмүүлэл” нэртэй уг төвд гурван багш 15 хүүхэд харж, ажилладаг. Төвийн хашаа руу  орвол хүүхэлдэйн баатруудыг дүрсэлсэн өнгөт хана анхаарал татна. Харин “Г” хэлбэртэй байшингийн үүдээр ормогц хүүхдэд зориулсан өнгө өнгийн тоглоом, ханыг чимэглэл угтана. Энэ байшин нийт гурван өрөөтэй бөгөөд өрөө тус бүр нь хүүхдүүдийн унтлагын, хичээлийн, гал тогооны өрөөний зориулалттай байх аж. Мөн бяцхан ариун цэврийн өрөөтэй. 

Ариун цэврийн өрөө

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд “Нэг иргэн таваас дээш хүүхэд харахгүй. Гурван иргэн хамтраад, нэг дор 15 хүүхэд харж болно. Хүүхэд харах багш 14-45 хоногийн түргэвчилсэн сургалтад хамрагдаж, сертификат авна” гэж заасан байдаг.

Энэ шаардлагын дагуу сургалтад хамрагдаж, хүүхэд харагчаар ажиллаж байгаа Р.Оюунсүрэн багш “Сонгинохайрхан дүүрэг дээр хүүхэд харагчдыг 45 хоногийн сургалтад хамруулсан. Манай хороонд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй бага насны олон хүүхэд бий. Эцэг, эхчүүд ажил хийж, амьдрахын тулд хүүхдээ харуулах хүсэлтэй байдаг. Заримдаа нэг нас хүрээгүй хүүхдийг харуулахаар ханддаг. Гэвч хуулиндаа “2-5 насны хүүхэд хамрагдана” гэж заасан байдаг учраас бид авдаггүй. Хүүхэд харагчид сард дунжаар 500 мянган төгрөгийн цалин авдаг” хэмээн ярилаа. 

Шаардлага хангаагүй 98 төвийг хаажээ

Энэ оны есдүгээр сарын байдлаар нийт 2-5 насны 4920 хүүхэд 476 хүүхэд харах үйлчилгээний төвд хамрагджээ. Мөн дээрх төвүүдэд 1011 хүүхэд харагч ажиллаж байгаа аж. Үүнээс 2-11 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй 190 хүүхэд хамрагдаж байна гэдэг тоо баримтыг Хүүхэд хөгжил, хамгааллын газраас өглөө. 

 

Мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2017 онд хоёроос гурван удаагийн хяналт шалгалтыг хийжээ. Уг шалгалтаар стандартын шаардлага хангаагүй, хүүхдэд зориулсан орчин нөхцөл бүрдүүлээгүй зэрэг шаардлагыг биелүүлээгүй 98 хүүхэд харах үйлчилгээний төвийн үйл ажиллагааг хаажээ.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль анх 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхэд улсын хэмжээнд нийт 853 төв үйл ажиллагаагаа эрхэлж байсан бол одоо энэ тоо 476 болж, нэг дахин багассан байх юм. 

Энэ талаар Хүүхэд хөгжил, хамгааллын газрын дарга Ц.Алтанзаяа ярихдаа “Энэ онд хүүхэд харах үйлчилгээний төсөвт 5.8 тэрбум төгрөгийг баталсан. Бидний зүгээс батлагдсан төсөвтөө хүргээд л ажиллаж байна. Ямар нэгэн байдлаар үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг хаахыг урьтал болгохгүй байгаа. Эхний хяналт шалгалтаар зөрчлүүдээ арилгах шаардлагыг хүргүүлнэ. Хэрвээ зөрчлөө арилгасан бол зөвшөөрлийг нь олгож байгаа. Харин удаа дараа зөрчлөө арилгаагүй, хүүхдийн тоог хэтрүүлэх, сургалтад хамрагдсан хүүхэд харагч хүүхэд харахгүй байх, хүүхдийн орчин нөхцөлд тавигдах шаардлагаа биелүүлээгүй, хүүхдийн хоол тэжээлийн стандартыг хангахгүй байх, ариун цэврийн зөрчил гаргасан тохиолдолд үйл ажиллагааг нь хааж байгаа” гэдгийг хэлж байв. 

Хүүхэд харах үйлчилгээнд 2018 онд 6.5 тэрбум төгрөг төсөвлөжээ
 

2017 оны 11 дүгээр сарын 2-нд болсон хэвлэлийн бага хурал

Энэ сарын эхээр Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооноос хэвлэлийн хурал хийж, холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлсэн. 

Энэ үеэр Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Өлзийбат ярихдаа “Хүүхэд харах үйлчилгээний хууль хэрэгжээд нэг жил 10 сар болж байна. Өнгөрсөн жил УИХ-аар 5.8 тэрбум төгрөгийг энэ үйлчилгээнд зориулан батлаад, энэ төсөвт тааруулан 6000 орчим хүүхдийг энэ үйлчилгээнд хамруулсан. Одоо цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 73,524 хүүхэд байна. Энэ асуудлыг тэр чигээр нь үлдээх хэрэг үү. Эсвэл төсвөө нэмж, хүүхэд харах үйлчилгээг дэмжээч ээ. Өнгөрсөн жил бид 5.8 тэрбум төгрөгөөр 5275 хүүхдийг харсан. Гэтэл 5.8 тэрбум төгрөг чинь 100 ортой таван цэцэрлэгийн мөнгө шүү дээ. Таван цэцэрлэгт жилд 500 орчим хүүхэд хамрагдана. Үүний үндсэн зардлын мөнгийг бодвол 5000 хүүхэд 50 цэцэрлэгт 50 тэрбум төгрөгийг зарцуулна. Дээр нь дулааны мөнгө гээд жилдээ 30 тэрбум төгрөг гарна. Тэгэхээр бид өнгөрсөн жил 80 тэрбумаар шийдэх асуудлыг 5.8 тэрбумаар шийдэж чадсан. Хамгийн гол нь төрөөс ус, дулааны мөнгө гаргахгүйгээр, тухайн иргэний тохижуулсан байранд хүүхдийг харах боломжтой юм. Хүүхэд харах үйлчилгээний төвд 2018 онд нийт 6.5 тэрбум төгрөгийн төсвийг төсөвлөхөөр болсон. Энэ мөнгө бол 6-7 мянган хүүхэд харах мөнгө.  Тийм учраас энэ үйлчилгээг дэмжье” гэдгийг хэлж байсан. 

Хоёрдугаарт “Хуульдаа хүүхдийн хөгжил, хамгааллын хууль гэж заасан. Тиймээс хүүхэд харах үйлчилгээ нь сургуулийн өмнөх боловсрол биш шүү дээ. Гэтэл одоо энэ үйлчилгээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа байсныг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяанд 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс шилжиж байгаа. Энэ хуулийн гол үзэл санаа нь цэцэрлэгт явах боломжгүй хүүхдүүдийг эрүүл, аюулгүй орчинд хамгаалах юм. Гэтэл БСШУСЯ-ны харьяанд очихоор шууд сургуулийн өмнөх боловсрол болоод явчихна шүү дээ. Ингэснээр хүүхэд харах үйлчилгээ эрхэлж буй хүмүүсийн 80 орчим нь хүүхэд харах боломжгүй болно гэсэн үг. Тийм учраас хамтарсан ажлын хэсэг гаргаж, энэ хуулийн зорилго өөрчлөгдөх юм уу, санхүүжилтийн удирдлагын хувьд шилжиж байна уу” гэдэгт хариу өгөхийг тус холбооныхон шаардсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж