Багш нарын цалинг 50 хувиар нэмэх шийдвэр гаргаагүй тул маргааш өдрөөс эхэлж ажил хаялт зарлах болсноо Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо өнгөрсөн пүрэв гаригт мэдэгдсэн.
Тэгвэл арваннэгдүгээр сарын 10-нд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал нарт албан тоот хүргүүлсэн байна.
Уг албан тоотод Багшийн хөдөлмөрийн үнэлэмж, үнэ цэнийг бодитой болгох, цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан цалин хөлсний шинэчлэлийг хийхээр ажиллаж байна. Багшийн цалин хөлс бага, нэмэгдүүлэх шаардлагатай гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ байхгүй хөрөнгийг амлаж та бүхнийг хуурч чадахгүй.
Хөрөнгө нь байгаа бол цалинг нэмж болно. Хөрөнгө нь байхгүй бол бий болгож, цалингийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэнэ.
Цалингийн асуудлыг хүч тулгасан, суралцагч, эх, эцэг олон нийт, багш нарын эрх ашгийг хохироосон, өдөөн турхирсан байдлаар шийдвэрлэхгүй.
Ажил хаялт эмх замбараагүй байдал цалин нэмэх хөрөнгө бий болгохгүй. Иймд төрийн өмчит сургууль, цэцэрлэгүүд суралцагчдын эрх ашгийг дээдэлж, сургалтын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг хүсье гэжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mecss.gov.mn/data/1711/10672.pdf линкээр орж үзэх боломжтой.
Г.ХОРОЛ