Иракийн Хавижа хотоос холгүй 400 гаруй цогцос булсан булш олджээ. Хавижа нь саяхныг хүртэл “Исламын улс” бүлэглэлийн дайчдын мэдэлд байсан хот юм.
Киркук мужийн захирагч Ракаи Саидын мэдээлснээр булшийг хотын ойролцоох агаарын баазаас олж, илрүүлсэн байна. Цогцоснуудын зарим нь энгийн хувцастай энгийн иргэд байсан бололтой, харин зарим нь “Исламын улс” бүлэглэлээс үхлийн ялаар шийтгэсэн хүмүүст өмсүүлдэг хослолтой байсан гэнэ.
Нутгийн оршин суугчдын өгсөн мэдээллийн дагуу Иракийн арми тэдгээр цогцсыг олсон тухай генерал Мортада аль-Луваиби хэлжээ.
“Исламын улс” зэвсэгт бүлэглэлийн хяналтад байсан бүс нутгаас Иракийн зэвсэгт хүчнийхэн нэг бус удаа иймэрхүү булш олж, илрүүлж байсан юм. Өнгөрсөн жил нийт 72 газраас булш олдсон тухай мэдээллийг Associated Press агентлаг нийтэлж байв. Тэдгээрийн заримд 5200-гаас 15 мянга хүртэлх тооны цогцос байсан аж.
Хавижа нь Иракийн нийслэл Багдад хотоос хойд зүгт 240 км зайд орших бөгөөд 2013 оноос “Исламын улс” бүлэглэлийн хяналтад байсныг өнгөрсөн сард чөлөөлсөн юм.
С.ЦЭЛМЭГ