Далангийн хүүнд 55 тэрбумыг төлдөг үү?

Хуучирсан мэдээ: 2017.11.12-нд нийтлэгдсэн

Далангийн хүүнд 55 тэрбумыг төлдөг үү?

Далангийн хүүнд 55 тэрбумыг төлдөг үү?

“Ньюс” агентлаг өнгөрч буй долоо хоногт болж  өнгөрсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


УИХ өнгөрсөн пүрэв гаригт  2017 оны төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд 85.2 хувийн саналаар “Хоригийг хүлээн авах боломжгүй” гэж үзэв.

Хориг хэлэлцэх үед Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы хуралдаанд оролцсон. Энэ үеэрээ 2017 оны төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавьсан шалтгаанаа тайлбарлаж, мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг төрийн албан хаагчдад тараах 55 тэрбум төгрөг хэр их мөнгө вэ гэдэгт хариулт өгөхийг хүссэн.

Сангийн сайдын тайлбарласнаар бол Ерөнхийлөгч Х.Баттулгын Засгийн газрын гишүүнээр ажиллаж байхдаа эхлүүлсэн төмөр замын даланд жил бүр хүүгийн төлбөр болгож төр 55 тэрбум төгрөг төлдөг аж. Гэтэл төмөр зам баригдаагүйн дээр далан нь холболтын цэгээсээ зөрсөн.

Тухайн үеийн Засгийн газар экспортын төмөр замтай болохын тулд Хөгжлийн банкнаас 220 сая ам.долларын зээлийг, жилийн хүү 7.3 хувийн хүүтэйгээр авсан нь  жилийн хүүгийн төлбөр нь 55 тэрбум төгрөгтэй тэнцэх болжээ.

Харин төрийн албан хаагчдад нэг удаагийн урамшуулал болгон өгөх 55 тэрбум төгрөг бол төсвийнхний банкнаас авсан зээлийнх нь хоёр сарын төлбөртэй тэнцэж байгаа. Иймээс баригдаагүй төмөр замд 55 тэрбум төгрөг төлж суухаас төрийн албан хаагчдын зээлийг бодитойгоор төлөх мөнгийг өгөх нь илүү зөв хувилбар гэж Сангийн сайд тайлбарласан юм.

Мөн монголчууд овоолсон шороонд жил бүр 55 тэрбум төгрөг төлж байгаагаа хориг хэлэлцэх үеэр мэдэж авлаа.


 

БАГШ НАР ХУГАЦААГҮЙ АЖИЛ ХАЯНА

 

Ирэх даваа гариг буюу маргааш өдрөөс эхлэн багш нар хугацаагүй ажил хаях болж буйг Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо өнгөрч байгаа долоо хоногт мэдэгдэв. Улаанбаатар хотын хэмжээнд 105, хөдөө орон нутгийн 72  ерөнхий боловсролын сургууль, мөн шинжлэх ухааны 11 байгууллага ажил хаялтыг дэмжиж оролцохоор болсон байна. Тус холбоо Засгийн газар багш нарын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх ёстой гэсэн шаардлага тавьж буй.  Харин Засгийн газар Засгийн газар 2017 оны төсвийн тодотголд төрийн албаныханд 300 мянган төгрөг бэлнээр олгуулахаар 54.3 тэрбум төгрөг суулгасан бол ирэх онд 56 тэрбум төгрөг олгоно.  

Эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд Засгийн газар Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан. Үүнтэй холбоотойгоор цалин нэмэх боломжгүй байгаа гэсэн тайлбар хийгээд буй. Мөн гурван талт хэлэлцээр хийж, тодорхой үр дүнд хүрсэн талаар талууд мэдээлэл хийж байсан ч багш нарын тэмцэл үргэлжлэх боллоо.


 

СУРАГГҮЙ БОЛСОН ОХИНЫ МЭДЭЭЛЛИЙГ 50 САЯАР ҮНЭЛЭВ

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн 3-р ангийн сурагч Д.Сэржмядаг  энэ сарын 2-нд гэрээсээ гараад сураггүй алга болсон. Охиныг эрэн хайх ажилд өмнөд хөршийн хуулийн байгууллага мөн дэмжлэг үзүүлж байна.

Өнгөрсөн хугацаанд цагдаа, онцгой байдлын бие бүрэлдэхүүн охины ээж аав, гэр бүлийнхэн, нутгийн иргэд бүхий л боломжийг ашиглан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсэн ч таамаг сэжүүр олдоогүй. Анх охиныг үзсэн харсан хүмүүсийн мэдээллийг 5 сая төгрөгийн төлбөртэйгээр авахаар Замын-Үүд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс шийдвэрлэсэн.

Харин Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл болон тус тойргоос УИХ-д сонгогдсон Б.Дэлгэрсайхан гишүүн охинтой холбоотой баттай мэдээллийг  50 сая төгрөгөөр үнэлэхээ зарлав.


 

ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОГДОЖ ЭХЛЭВ

 

УИХ Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой шийдвэрээ эцэслэснээр арваннэгдүгээр сарын 9-өөс хүүхдийн мөнгө олгогдож эхлэв.

Эх үүсвэргүйгээс өнгөрсөн наймдугаар сараас эхлэн хүүхдийн мөнгө олгогдох боломжгүй болсон юм. Энэ оны төсвийн тодотголд 104,5 тэрбум төгрөгийг суулгаж өгснөөр он дуустал бүх хүүхэд 20 мянган төгрөг авах боломж бүрдлээ. Нийт 1043180 хүүхэд мөнгө авна.

Эхний ээлжинд өнгөрсөн наймаас аравдугаар сарын хүүхдийн мөнгийг шилжүүлж байна. Үлдэж буй арваннэг, арванхоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг тухайн сарынх нь 20-доор шилжүүлэх аж.


 

ДӨРВӨН ИРГЭН АМИА АЛДАВ

 

Өнгөрч буй долоо хоногийн баасан гаригт Баянзүрх дүүрэг, “Кино” үйлдвэрийн хойно байрлах 204 дүгээр байрны гадна пасадны ажил хийж байсан дөрвөн иргэн амиа алдсан ноцтой осол гарлаа. Шат нь голоороо хугарснаас дээрх осол болсон гэсэн мэдээллийг урьдчилсан байдлаар гаргаад буй.

Нас барсан барилгын ажилчид 30-40 настай байсан. Тэдгээр ажилчид айлын дуудлагаар дулаалга хийж байсан ба аюулгүй байдлын бэхэлгээ хийгээгүй байсан талаар оршин суугчид хэлж буй.

Ослын үеэр гурав нь газар дээрээ нас барсан бол нэг нь Гэмтэл, согог судлалын үндэсний төв рүү түргэний машинаар хүргэгдэх замдаа амьсгал хураасан юм.

Цагдаагийн байгууллага энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж