Цөсний хүүдий, шулуун гэдэсний өвчлөл нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2017.11.11-нд нийтлэгдсэн

Цөсний хүүдий, шулуун гэдэсний өвчлөл нэмэгджээ

Цөсний хүүдий, шулуун гэдэсний өвчлөл нэмэгджээ

Цөсний хүүдий, бүдүүн шулуун гэдэсний хагалгаанд орох иргэдийн тоо сүүлийн үед эрс нэмэгджээ. Ид ажиллаж, хөдөлмөрлөх насан дээрээ залуус эдгээр өвчнөөр өвдөх болсон байна. Хөдөлгөөнгүй байж, байнгын суугаа ажиллах нь бүдүүн шулуун гэдэсний өвчнөөр өвдөх хамгийн том шалтгаан болдог. Харин эрүүл бусаар хооллож гэнэт цадах, өлсөх, өглөө хоосон гарах нь яваандаа цөсний хүүдийгээ авхуулахад хүргэх болсныг мэс заслын эмч нар онцолж байна. Эдгээр өвчлөл жил ирэх тусам залуужих болсон ийм үед мэс ажилбарыг Монголын эмнэлгүүд олон улсын жишгээр хийж, шаардлагатай технологи нэвтрүүлэх ёстой гэж мэс заслын эмч нар үзэж байна. 

"Номун" эмнэлгийн мэс заслын эмч Б.НУРБОЛ

Дээрх шаардлагын дагуу хувийн болон улсын эмнэлгүүд технологийн шинэчлэл хийж, мэс ажилбартаа дурангийн хагалгаа нэвтрүүлж эхэлсний нэг нь “Номун” эмнэлэг гэдгийг мэс заслын эмч Б.Нурбол  ярилаа. Түүний хэлснээр, хувийн эмнэлгүүдийн төлөөлөл болсон “Номун” эмнэлэг нь цөсний хүүдий, мухар олгой, бүдүүн шулуун гэдэсний хагалгааг дурангаар тогтмол хийдэг болжээ.  Мөн Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүргийн харьяат иргэдэд хэвлийн хүүдийн мэс заслын яаралтай тусламжийг хүргэж, эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг болсон байна.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэс заслын эмч Э.Бат-Өлзий

Дэлхийн улсуудтай хөл нийлүүлж, эрүүл мэндийн үйлчилгээндээ шинэ технологийн давуу талыг ашиглахаас гадна мэс ажилбар хийх эмч, сувилагчаа тогтмол сургаж, мэргэшүүлэх шаардлагатайг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэс заслын эмч Э.Бат-Өлзий онцоллоо. Түүний хэлснээр, Монгол Улс хүн ам цөөтэй болохоор дэлхийн хөгжингүй улс орнууд шиг олон төрлийн өвчнийг харуулсан тохиолдлууд цөөн гардаг. Тиймээс Монголын эмч нар хүнд хагалгааны зарим ажилбарыг эрүүл мэндийн салбар нь хөгжсөн орнуудын эмч нараас хожим суралцаж иржээ. Хожим ч гэлээ эрүүл мэндийн салбарт нэвтэрч буй технологийн хөгжлөөс Монголын төр болон хувийн хэвшлийн эмнэлгүүд хоцордоггүй,  сүүлийн жилүүдэд бүр хөл нийлүүлэн алхах болсныг мэс заслын эмч Э.Бат-Өлзий ярив. Өөрөөр хэлбэл, тухайн өвчтөний өвчнийг эдгээхийн тулд технологи ашиглан бага зүсэлт хийж, мэс ажилбарыг хийх цаг үе нь иржээ.

Дүрс оношилгооны зөвлөх эмч Ц.Бадамсэ

“Номун” эмнэлэг технологийн дэвшлийг харуулсан мэс ажилбаруудыг найдвартай хийдэг болсныг Дүрс оношилгооны зөвлөх эмч Ц.Бадамсэд тодотгов. Тэрбээр “Хэвлийн хөндийн бүх төрлийн болон шулуун гэдэсний хагалгааг хийдэг, салбартаа үлгэр дуурайлал болсон эмнэлгүүдийн нэг нь “Номун”. Учир нь тус эмнэлэг нь дурангийн мэс заслыг түлхүү хөгжүүлэхэд анхаарч эмч эмнэлгийн ажилчдын мэргэжил мэргэшлийг дээшлүүлэхээр жилд 2-3 эмчийг олон улсын, гадаадын болон дотоодын богино хугацааны сургалтуудад тогтмол хамруулсаар ирсэн” гэлээ.  Дурангийн хагалгааны анхдагч “Номун”эмнэлэг нь 2016 онд шинээр бүдүүн шулуун гэдэсний хагалгааг дурангийн мэс заслын аргаар хийх үйлчилгээг нэвтрүүлж байжээ.  

Д.БАЯР

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж