Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Сэлэнгэ аймагт ажиллаж байна.
Яг одоо Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт байрлах ‘Гачуурт’ ХХК-ийн үрийн буудайтай танилцаж байна. ‘Гачуурт’ компани нийт 27 мянган тонн буудай хадгалж байгаагаас 10 мянган тонныг нь улсын нөөцөд авчээ.
Сайд Б.Батзориг хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан газар тариалангийн бүсэд ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай таницаж байгаа юм.
Энэ онд улсын хэмжээнд малчдын хэрэгцээнд 935,7 тонн өвс, 15,2 мянган тонн сүрэл, 22,6 тонн ногоон тэжээл, 34,4 тонн үйлдвэрийн тэжээл, 41,2 тонн гар тэжээл, 9,4 мянган тонн дарш, 105,8 мянган тонн давс, хужир нөөцөлж бэлтгэжээ. Эдгээрийг малчдын хэрэглээний 70,2 хувь гэж үзэж байгаа аж.
Өвөлжилтийн бэлтгэл ажил улсын хэмжээнд 86,3 хувьтай байгаа бол аймгууд 88,5 хувь, сумдууд 58,5 хувьтай өвлийн бэлтгэлээ хангаад байгаа талаар салбарынхан мэдээлж байна.
Ш.ЧИМЭГ