Уул уурхайн салбарын Говийн бүсийн чуулга уулзалт Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулагдаж байна.
Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас бүсчилсэн чуулга уулзалт зохион байгуулж байгаагийн нэг нь Говийн бүсийн чуулган юм.
Говийн бүсийн чуулга уулзалтыг нээж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар үг хэллээ.
Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн салбарыг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, экспортлогч орон болох зорилт тавин ажиллаж байна. Энэхүү чуулганыг зохион байгуулж байгаагийн ач холбогдол нь төрийн байгууллага, аймаг, орон нутаг, тусгай зөвшөөрөл эзэмшигчид, мэргэжлийн холбоод хамтран тухайн бүс нутагт тулгамдсан асуудлаа ярилцах, салбарын талаар ойлголтын зөрүүг арилгах, салбарын хөгжлийн бодлого зорилтыг сурталчлан таниулах, хамтран зүтгэхэд оршиж байна” гэлээ.
Уул уурхайн салбар нь экспортын нийт бүтээгдэхүүний 86 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 71 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 18 хувь, улсын төсвийн орлогын 30 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг аж.
2017 оны эхний есөн сарын байдлаар уул уурхай, олборлох аж үйлдвэрлэлийн орлого 6.9 их наяд төгрөгт хүрчээ. Үүнд нүүрсний олборлолтын орлого 2.1 их наяд төгрөг, металлын хүдрийн олборлолтын орлого 802.6 тэрбум төгрөг болж өссөн нь гол нөлөөл үзүүлсэн байна. Ингэснээр улсын төсөвт 1.075.4 тэрбум төгрөгийг татвар хураамж хэлбэрээр төвлөрүүлжээ.
Уул уурхайн салбарын Говийн бүсийн чуулган арваннэгдүгээр сарын 11, 12-ны хоёр өдөр үргэлжилнэ
Г.Түшиг