Сүүлийн хэдэн долоо хоногийн турш “радио идэвхт” үүл Европыг бүрхэж буйг есдүгээр сарын сүүлээр ОХУ, Казахстанд гарсан цөмийн байгууламжид гарсан ослоос үүдэлтэй гэж Францын цөмийн аюулгүй байдлын институтийн шинжээчид таамаглаж байна.
Үүл мананг цөмийн түлшний байгууламж эсвэл радио идэвхт эмийн бүтээгдэхүүний үйлдвэрт осол гарснаас үүдэлтэй гэж үзэж байгаа ажээ. Шинжээчдийн дүгнэлтээр энэ нь хүний эрүүл мэнд болон байгаль орчинд одоогоор сөрөг нөлөө үзүүлсэн зүйл байхгүй гэнэ.
Францын цөмийн аюулгүй байдлын институт осол болсон газрын байршлыг нарийн тогтоож чадаагүй боловч цаг агаарын мэдээнд үндэслэн шинжилгээ хийж, Уралын өмнөд хэсэг буюу Волга мөрний орчмоос дэгдсэн гэж таамаглаж байна. Энэ нь ОХУ болон Казакстаны нутаг дэвсгэрт багтдаг аж.
ОХУ-ын албаны хүмүүс энэ асуудлаар Францын цөмийн аюулгүй байдлын институтэд хариу өгөхдөө тус улсын нутаг дэвсгэрт ямар ч цөмийн осол болоогүй гэж мэдэгдсэн байна. Францын цөмийн аюулгүй байдлын институт харин Казахстаны албаныхантай холбоо тогтоож чадаагүй байна.