С.Саянцэцэгийн сонгодог үдэш

Хуучирсан мэдээ: 2017.11.11-нд нийтлэгдсэн

С.Саянцэцэгийн сонгодог үдэш

С.Саянцэцэгийн сонгодог үдэш

Сонгодог урлагт шимтэн дурлагсад, урлагт хайртай монголчуудын цангааг тайлах гайхамшигт үдэш хэзээ мөдгүй болох нь. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ч.Сангидоржийн ууган охин, төгөлдөр хуурч С.Саянцэцэгийг мэдэхгүй нэгэн үгүй биз ээ.

Дуурь, бүжгийн эрдмийн театрт энэ сарын 14-нд болох түүний уран бүтээлийн тайлан тоглолт С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим, бүжгийн коллежийн 80 жилийн ойд зориулсан гэдгээрээ онцлог.  Тоглолтод С.Саянцэцэгийн өөрийн нь багш, ардын жүжигчин Т.Цолмон, мөн ОХУ-ын төгөлдөр хуурч Дмитрий Людков, БНСУ-ын төгөлдөр хуурч Пак Сун Хва, Хөх хотоос шавь нь болох Хао Инжэ нар зочноор уригдан оролцох юм байна. Энэ утгаараа хан хуурын гайхамшгууд нэгэн тайзнаа чуулах, тэр бүр олдоод байхгүй ховорхон үдэш болох нь дамжиггүй.

Тоглолтын бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан бөгөөд тоглолтын хөтөлбөрт дэлхийн сонгодог зохиолуудаас гадна ‘Зулай цагаан алтай’, ‘Тэмээчин ээж’ зэрэг Монголын сор бүтээлүүд ч эгшиглэх гэнэ.

Төгөлдөр хуурч авьяаслаг бүсгүйн тайлан тоглолтод Монгол Улсын Консерваторын утсан хөгжмийн багш Дармаа, Од нарын залуу хөгжимчид, мөн Хөгжим бүжгийн коллежийн гуравдугаар ангийн сурагч, олон улсын тэмцээний шагналт О.Нандин нар мөн оролцоно.

Гоцлон тоглооч, төгөлдөр хуурч Сангидоржийн Саянцэцэг нь Москва хотын Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуулийн дэргэдэх хөгжмийн дунд сургууль, Чайковскийн нэрэмжит Москвагийн Консерватори төгссөн. Испанийн Мадрид хот дахь Хааны Консерваторид профессор Гиермо Гонзалестай Испани, Франц хөгжмөөр мэргэжил дээшлүүлсэн. Тэрбээр гоцлон тоглоочоор олон төрлийн урсгал, чиглэлд өөрийгөө сорьж, уран бүтээлээ баяжуулсаар өдгөө олон орны томоохон нэр бүхий концертийн танхимуудад дэлхийн сонгодог бүтээлээс гадна, хөгжмийн зохиолчид болох аав, дүү нарынхаа бүтээлүүдээс толилуулж байгаа, Монголын ховор авьяастай уран бүтээлч юм.

 Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж