Хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагддаг цорын ганц хэвлэл

Хуучирсан мэдээ: 2017.11.10-нд нийтлэгдсэн

Хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагддаг цорын ганц хэвлэл

Хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагддаг цорын ганц хэвлэл

Улсын Их Хурлын албан ёсны хэвлэл “Төрийн мэдээлэл” эмхэтгэл 1991 оноос хойш тасралтгүй хэвлэгдэж, удахгүй 1000 дахь дугаараа гаргах гэж буйтай холбогдуулан тус эмхэтгэлийн эрхлэгчээр ажиллаж байсан сэтгүүлч Ж.Нэргүйтэй уулзаж ярилцав.


 –Эмхэтгэлийн түүхээс товч танилцуулна уу?             

 -Монгол Улс  хууль тогтоомжийн албан ёсны эмхэтгэлийг 1926 оноос өнөөг хүртэл бараг тасралтгүй хэвлүүлж ирсэн түүхтэй. Өнгөрсөн онд Монгол Улсад хууль тогтоомжийн албан ёсны эмхэтгэлийг хэвлэж эхэлсний 90 жил, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 25 жилийн ой тохиосон. Түүхээс товч дурдвал, “БНМАУ-ын Засгийн газрын албаны сэтгүүл”-ийг 1926 оны 3 дугаар сараас 1930 оныг дуустал, 1931-1939 онд “БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчид ба Сайд нарын Зөлөлийн хуулиуд хийгээд тушаалуудыг эмхтгэн хавсруулсан сэтгүүл”, 1941-1970 онд “БНМАУ-ын хууль, дүрэм, тогтоолын эмхэтгэл”, 1971 оноос  “БНМАУ-ын хууль, зарлиг, тогтоолын эмхэтгэл”-ийг тус тус хэвлэн гаргаж байжээ. Харин 1991 оноос эхлэн өнөөг хүртэл “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг  хэвлэн гаргаж байна.

– “Төрийн мэдээлэл” нэртэй эмхэтгэлийг хэвлэн гаргах болсон шалтгаан нь юу байсан юм бол?

-1991 оноос өмнө “БНМАУ-ын хууль, зарлиг, тогтоолын эмхэтгэл”-ийг зөвхөн албан хэрэгцээнд зориулан гаргаж байжээ. Энэ нь иргэдэд хуулийг уншиж судлах, мөрдөж хэрэгжүүлэх өргөн бололцоо олгохгүй байна гэж тэр үеийн Улсын Бага Хурал үзээд “Төрийн мэдээлэл” сэтгүүлийг тогтмол гаргахаар шийдвэрлэсэн байдаг. Улмаар БНМАУ-ын хууль, Улсын Бага Хурлын бусад шийдвэрийн эхийг Улсын Бага Хурлын Тамгын газар эрхлэн “Төрийн мэдээлэл” сэтгүүл болон төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонинд нийтлэхээс гадна товхимол болгон хэвлүүлж болохыг хуульчилжээ. 1991 оны 3 дугаар сарын 19-ны өдөр Улсын Бага Хурлын дарга төрийн хууль, тогтоолыг бүрэн эхээр нь хэвлэн нийтлэх зорилготой “Төрийн мэдээлэл” сэтгүүлийг Улсын Бага Хурлын Тамгын газраас эрхлэн гаргаж байх тухай захирамж гаргасан. Тэр үед БНМАУ-ын хуулийг батламжлагдсанаас нь, Улсын Бага Хурлын бусад шийдвэрийг батлагдсанаас нь хойш Улсын Бага Хурлын нарийн бичгийн дарга зөвшөөрснөөр 3 хоногийн дотор нийтэлдэг байлаа. Ийнхүү хууль, бусад шийдвэрийг сонин хэвлэлд нийтлэх, радио, телевизээр дамжуулахдаа “Төрийн мэдээлэл” сэтгүүл, “Ардын эрх” сонинд нийтлэгдсэн албан ёсны эхийг баримталдаг тогтолцоотой байв.

 -Эмхэтгэлийн статус, гаргалт хэрхэн өөрчлөгдөж байв?

  -Улсын Их Хурлын 1993 оны намрын чуулганаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг авч хэлэлцсэний дотор “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн статусыг өөрчилж, 1994 оноос эхлэн “Төрийн мэдээлэл” эмхэтгэл болгож сар тутам гаргадаг болсон. Харин 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолоор хууль, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар болон хуулиар олгогдсон эрх бүхий байгууллагын нийтээр дагаж мөрдөх шийдвэрийг гагцхүү “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор хэвлэн нийтэлж байхаар шийдвэрлэсэн байна. Түүнээс гадна “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн газраас эрхлэн Монгол Улсын хууль тогтоомжуудын тухай тайлбар, зөвлөмжүүд болон сэтгүүлийн хавсралт болгож “Төр, засгийн ажилтанд тусламж” сэтгүүлийг тогтмол хэвлэн гаргадаг байв. Энэ сэтгүүлийг 1995 оны 1 дүгээр сараас эхлэн улиралд тус бүр 3 дугаар гаргадаг байжээ. Улсын Их Хурлаас батлан гаргасан хууль тогтоомжуудын агуулгыг хураангуйлан олон түмэнд хүргэх, хэрэгжүүлэх арга хэлбэр сэлтийг аман ухуулгад зориулан тайлбарлах, бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын ажил үйлсийг сурвалжлан бусдад туршлага болгох, санаа авахуулах зорилгоор энэ сэтгүүлийг эрхлэн гаргаж байсан байна. Түүнчлэн 1996 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улсын Их Хурлын Тамгын газраас “Парламентын мэдээлэл” нэртэй сонины туршилтын дугаарыг анх гаргаж, улмаар дотоод мэдээллийн зориулалттай энэ сонинг долоо хоног тутам 400 хувь хэвлүүлж үнэгүйгээр уншигчдад тарааж байжээ.

-“Төрийн мэдээлэл” эмхэтгэл нь Үндсэн хууль болон бусад холбогдох хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагдаж байдаг цорын ганц хэвлэл. Тухайлан ямар заалтаар зохицуулагдсан байдаг вэ?    

 -“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн эрх үүрэг, үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиудаар зохицуулагддаг. Тухайлбал, Үндсэн хуульд ”Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж заажээ. Мөн “Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй” хэмээн заасан байдаг. Үүнээс гадна Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд  эмхэтгэлтэй холбоотой заалтууд бий.

-Эмхэтгэлийг хэвлэн гаргахад ямар зарчим баримталдаг вэ?

-Хөдөлшгүй нэг л зарчим бий. Тэр зарчим нь төрийн хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хуульд заасан цаг хугацаанд нь алдаа мадаггүй  хэвлэн нийтлэхэд оршиж байдаг. Түүнээс гадна эмхэтгэлийг  шуурхай түгээхийн зэрэгцээ  түүний хэрэглээ, хүртээмжийг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч ажилладаг зарчимтай.  Энэ хүрээнд хийсэн ажлын нэг нь өнгөрсөн хугацаанд хэвлэн гаргасан эмхэтгэлийн бүх дугаарын фото файлыг  Улсын Их Хурлын албан ёсны  вэб сайтад, мөн  2014 оноос эхлэн эмхэтгэлийн дугаар бүрийн албан ёсны эхийг IOS  болон андроид системийн аппликейшн программ ашиглан  http//tm.parliament.mn.web хаягаар дамжуулан  IPAD, гар утсанд байршуулах болсон явдал юм.

Б.БАТ

           

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж