УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон түүнтэй холбогдох хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл энэхүү хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулсаар өнөөдрийг хүргэсэнд шүүмжлэлтэй хандсан юм. Харин энэхүү тайлбартай байнгын хорооны дарга Д.Очирбат санал нийлэхгүй гэдгээ хэлэв. Тэрбээр “Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо нь Ардчилсан намын бүлэг завсарлага авахаас өмнө оюутанд тэтгэлэг олгох тухай энэхүү хуулийн төслийг яаралтай шийдэх хүсэлтэй байгаагаа уламжилж ирсэн. Гэвч бүлэг чуулган, байнгын хорооны хуралдаанаас завсарлага авсан үеэс цуцлагдах хүртэл төслийг хэлэлцэх боломжгүй хойшилсоор өнөөдөр чуулганд орж ирж байгаа. Асуудлыг улстөржүүлж болохгүй” хэмээн сөрөг тайлбар хийлээ.
Өнөөгийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 110 гаруй их, дээд сургуульд 140 мянга орчим оюутан суралцаж байна. Төсөл батлагдсанаар өмчийн харьяалал харгалзахгүйгээр оюутан бүр сар тутамд 70 мянган төгрөгийн тэтгэлэг авах юм. Ингэхдээ зуных нь амралтыг хасч, арван сарын турш олгохоор тусгаад буй билээ. Төсөлд тусгаснаар хууль хэрэгжих хугацааг 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр заажээ.
Одоо энэхүү хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналуудаар гишүүдээс санал хураалгаж байна.
Г.Дарь