Ж.Мөнхбат: Булчингийн бяраар ажил явуулдаггүй

Хуучирсан мэдээ: 2017.11.10-нд нийтлэгдсэн

Ж.Мөнхбат: Булчингийн бяраар ажил явуулдаггүй

Ж.Мөнхбат: Булчингийн бяраар ажил явуулдаггүй

УИХ-ын чуулганы хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсов. 

Хуралдааны үеэр гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ОЮУНХОРОЛ:

-Агаарын бохирдлыг ганцхан арга замаар түргэн шуурхай арилгаж чадахгүй. Тиймээс зоригтой алхам хийж, түүхий нүүрсний хэрэглээг бууруулах нь чухал. Тэгэхээр Улаанбаатар хотыг тэлэх замаар дагавар хот байгуулах асуудлыг та юу гэж харж байна вэ?

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ:

-Түүхий нүүрсийг 100 хувь хориглоно гэж хэлж чадахгүй. Тийм боломж байхгүй. Харин бууруулах чиглэлээр анхаарна. Өнөөдөр зарим айл нүүрсээ ч түлж чадахгүй байна. Ийм байхад нүүрс оруулахыг тас хориглочихвол үр дагавар нь ард иргэдийн амьдрал, амь насанд нөлөөлнө. Харин сайжруулсан нүүрс, зуухны асуудлыг дэмжих ёстой. Өнөөдөр хотод 1,3 сая хүн амьдарч байна. Орж, гардаг 200 мянга орчим хүн бий. Тиймээс дагавар хот байгуулах тал дээр Засгийн газар анхаарч ажиллахаас өөр боломж байхгүй. Үүний цаана нэг зовлон байдаг, хөрөнгө санхүүгийн асуудал юм. Мөнгө төгрөгтэй бол шинэ хот байгуулмаар байна. Харамсалтай нь, мөнгө санхүүгийн асуудлаас болоод гацаад байгаа юм. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ:

-Яндан цөөлөх, нүүрсний хэрэглээний талаар яригдаж байна. Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр гэр хорооллыг дэд бүтцээр хангах ажлыг санаачилж, эхлүүлсэн. Харамсалтай нь, энэ бодлого хүмүүсийн амнаас гарахгүй байна. Би Ерөнхий сайд танд хэлээд байгаа шүү. Булчингийн бяраар биш, тархины бяраар ажил явуулдаг юм гэж. 

УИХ-ЫН ГИШҮҮН З.НАРАНТУЯА:

-Засгийн газар байгаа боломжоо ашиглах юм бол агаарын бохирдлыг бууруулж болно. Бид агаарын бохирдлыг бууруулах төслөө боловсруулаад олон улсад танилцуулах юм бол хөрөнгө оруулалт босгож болно. 

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ:

-Боломжуудыг судалъя. Ажлаа аваад удаагүй байгаа болохоор олон зүйл рүү орж амжаагүй байна, ойлгоорой. 

УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ:

-Яндан цөөлөх асуудлыг зөвхөн Улаанбаатарын хэмжээнд авч үзмээргүй байна. Утаа бол аймгийн төвүүдэд ч бий. Тиймээс асуудлыг цогцоор нь харахгүй бол зөвхөн Улаанбаатар гээд яриад байдаг. Гэр хороололд амьдарч байгаа иргэдэд хашаандаа сайхан амьдрах боломжийг олгоод өгье. Дэд бүтцийг нь шийдээд өгье. 

Ийнхүү гишүүд агаарын бохирдлыг бууруулах үүднээс санал бодлоо илэрхийлснээр УИХ-ын чуулган үргэлжилж байна.  

Т.НОМИН 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж