Бодит ханш тогтох цахим арилжааны талбар Монголд

Хуучирсан мэдээ: 2017.11.10-нд нийтлэгдсэн

Бодит ханш тогтох цахим арилжааны талбар Монголд

Бодит ханш тогтох цахим арилжааны талбар Монголд

Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь төсөв, мөнгөний бодлого, түүхий эдийн үнэ, хөрөнгө оруулалт, гадаад өр зэрэг эдийн засгийн гадаад орчны хүчин зүйлээс хамаарч өнгөрсөн жилүүдэд хэлбэлзэж иржээ. Ханшийн хэлбэлзэлд эдийн засгийн хүчин зүйлсээс гадна зарим тохиолдолд санхүүгийн захын дэд бүтэц, тэр дундаа валютын захын дэд бүтэц, түүний нэгдмэл бус байдал сөргөөр нөлөөлж байсан удаатай.  Үүнийг шийдвэрлэх асуудлыг валютын зах зээлд оролцогчид олон жилийн туршид хэлэлцэж ирсэн боловч ажил хэрэг болгож чадаагүй байсан юм. Иймд Монголбанкнаас Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлд “Валютын захын дэд бүтцийг хөгжүүлэх арга хэмжээ” авч хэрэгжүүлэхээр тусгаж УИХ-аар батлуулсан нь ажил хэрэг болж, Монгол Улс “Банк хоорондын валют арилжааны цахим талбар”-тай болоод байна.  Энэхүү цахим арилжааны талбарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд шууд оролцох боломжтой боловч иргэд, аж ахуйн нэгжүүд, Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-ууд харилцагч банкаараа дамжуулан тус талбарт оролцох бүрэн болсноороо онцлог юм. Энэхүү боломжийг гадаад валютын арилжаанд идэвхтэй оролцдог дотоодын экспортлогч, импортлогч байгууллагууд талархан хүлээн авч байна.  Цахим талбарыг нэвтрүүлснээр банк хоорондын валютын зах дахь төлбөр тооцоо, мэдээллийн эрсдэлийг бууруулж, спот ханш бүрэлдэх, валютын захын хүртээмж, ил тод, нээлттэй байдал нэмэгдэх, нөгөөтэйгүүр Монголбанк мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай авч, шаардлагатай үед зах зээлд оролцох, валют арилжааны нэгдсэн талбар бий болгох үндэс суурийг тавих ач холбогдолтой юм.

Цахим талбарыг нэвтрүүлснээс хойш туршилтын хугацаанд банк хоорондын арилжааны идэвх мэдэгдэхүйц нэмэгдэж, ханшийн зөрүү буурч байна.

Тус цахим талбар нь жижиг хэмжээний биржийн систем учраас найдвартай, үр ашигтай ажиллагаа нь оролцогчдоос мэргэжлийн өндөр ёс зүйг шаарддаг. Энэхүү шаардлагын дагуу Монголбанкнаас санаачлан Монголын банкны холбоотой хамтран “Арилжааны мэргэжилтний ёс зүйн дүрэм”-ийг боловсруулсан юм. Дотоодын санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, ёс зүйн өндөр стандартыг бий болгоход мэргэжлийн оролцогч бүрийн оролцоо, хамтын ажиллагаа нэн чухал байдаг.

Цаашид гадаад валютын цахим талбарыг иргэд, ААН, ББСБ-үүд шууд оролцох боломжтой арилжааны нэгдсэн платформ болгон өргөжүүлэхээр Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо хамтран ажиллаж байна.  

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж