Ц.Баярцогт шүүх хуралд ирж оролцсонгүй

Хуучирсан мэдээ: 2017.11.10-нд нийтлэгдсэн

Ц.Баярцогт шүүх хуралд ирж оролцсонгүй

Ц.Баярцогт шүүх хуралд ирж оролцсонгүй

Дүрэм зөрчснийх нь төлөө шаардлага тавьсан замын цагдаа руу салаавч гаргаж, гудамжинд танхайрсан Ц.Баярцогтыг шүүх хурал эхэлсэн ч өмгөөлөгчийнх нь хүсэлтээр хойшуулжээ.  Учир нь, Ц.Баярцогт, түүний өмгөөлөгч М.Баасанбат нар зам хаагдсан гэх шалтгаанаар Сэлэнгэ аймгаас шүүх хуралд ирж оролцож чадахгүй гэсэн хүсэлт гаргасан аж.

Ц.Баярцогтыг шаардлага тавьсан цагдаагийн ажилтныг эсэргүүцэж, танхайрсан үйлдлийг гэмт хэрэг бус зөрчил гэж прокурорын байгууллага үзжээ. Ингээд Зөрчлийн тухай хуульд зааснаар төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулсан гэж үзээд 250 мянган төгрөгөөр торгох дүгнэлт гарган шүүх рүү шилжүүлжээ.

Түүнчлэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн Ц.Баярцогт төрийн өндөр албан тушаалтантай хамааралгүй, өөрөө ч төрийн албанд ажилладаггүй нь шалгалтын явцад тогтогдсоныг албан эх сурвалж онцолж байв.  Хэргийг эргэн сануулбал, 17-93 УБҮ улсын дугаартай “Ланд 200” маркийн машиныг замын цагдаа зогсоож, бичиг баримтыг шалгажээ. Улмаар дуут дохионы тусгай зөвшөөрлийг нь  шалгахад машинд зорчиж явсан Ц.Баярцогт ажил үүргээ гүйцэтгэж яваа цагдаа руу салаавч гаргаж, танхайрсан байдаг. Мөн дуут дохионы зөвшөөрөл нь зөрчилтэй байжээ. Ингээд 17-93 УБҮ улсын дугаартай, “Ланд-200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан түүнд тээврийн хэрэгслийн тусгай дуут дохиог зөвшөөрөлгүй ашигласан зөрчилд хуулийн дагуу жолоочийн зөрчлийн бүртгэлийн 10 онооноос гурвыг хасаж, Зөрчлийн тухай хуулиар 80.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан юм.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж