Дэлхийн улс орнуудаас интернэтэд холбогдоогүй хоёр улс байдгийн нэг нь Эритрей, нөгөө нь Хойд Солонгос аж. Харин Хойд Солонгос тун удахгүй онлайн болох гэнэ. Эмч нар видео хурал хийж, онлайн зөвлөгөө өгч, хүмүүс ухаалаг утсаараа хоорондоо мессеж бичнэ. Мөн картаар е-шоппинг хийж, онлайн банк ашигладаг болох гэнэ. Энэ бол албан хаагчид ашиглаж болох хатуу хяналттай интранет сүлжээ юм.
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун цахим сүлжээг нийгэм улс төрийн системийг бүхэлд нь хяналтдаа байлгах давуу талыг олж харжээ. Ингэхдээ Хойд Солонгос элитүүдэд зориулсан хяналт багатай харьцангуй чөлөөтэй интернет болон гадаад ертөнцөөс бүрмөсөн тусгаарласан, хатуу хяналт бүхий үндэсний сүлжээг давхар нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.
25 сая хүн амтай Хойд Солонгост 2.5-3 сая гар утас бий гэсэн судалгаа гарчээ. Сүүлийн таван жилд Хойд Солонгост гар утас хэрэглэгчдийн тоо улам нэмэгдэж байгаа нь Тайландын “Loxley Pacific” болон Египетийн “Orascom Telecom Media and Technology” –оос нэвтрүүлсэн 3G үйлчилгээтэй холбоотой гэнэ. Гэвч Хойд Солонгосын иргэд гар утсаар гадаад ертөнцтэй холбогдох боломжгүй. Тэд дотоодын интранет сүлжээнд нэвтэрч, зургаа оруулж, дуу татаж болох ч бусад орны интернэт сүлжээнд холбогдож, дуудлага хийж, хүлээн авч чадахгүй.
Хойд Солонгос IT бүтээгдэхүүнээ гадаадаас авч, өөрийн брэнд болгож хувиргасан байна. “Apple”-ын бүтээгдэхүүнтэй төстэй ухаалаг утсыг “Jindallae (Azalea) III” , iPad-ыг “Ryonghung iPad”гэж нэрлэжээ.