Монгол бахархлыг монгол хүний оюун бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2017.11.10-нд нийтлэгдсэн

Монгол бахархлыг монгол хүний оюун бүтээнэ

Монгол бахархлыг монгол хүний оюун бүтээнэ

Монголчууд бид Чингис хаан, хөх толбо, морин хуур, монгол бичиг гээд бахархах юм арвинтай. Харин яг ямар учраас яаж бахархах ёстойг нь хэлээгүйгээс болж хий чээжээ дэлдэж, хоосон бардамнах хүмүүсийг төрүүлээд байгаа юм уу даа. Энэ хийрхэл яван явсаар монголчууд л мундаг, монголчуудаас бүх юм үүсэлтэй гэж хэт туйлширсан хүмүүсийг олшруулж магадгүй.

Монголчуудын бахархалт хүмүүсийн нэг Жанцанноров гуай “Морин хуур үнэндээ хийл шиг олон, нарийн ая гаргадаг хөгжим биш. Харин хялгасыг хялгасаар хөрөөдөж, амьд, сүнслэг эгшиг гаргаж байгаа үндэстэн биднээс өөр байхгүй. Сайн хөглөсөн хуур салхинд өөрөө дугардаг юм. Зүгээр ч хөглөхгүй, монголчуудын арга билгийн хөгөөр хөглөхөөр дугардаг гэнэ. Энэ бол урлаг гэхээсээ үндэсний оюун санаа юм. Үүнд л морин хуурын онцлог байдаг гэж бодож байна.”  гэж ярьсан юм.

Морин хуурын бахархал нь ил харагдах хоёр чавхдасанд биш, түүнийг амьдруулж байгаа ухаандаа юм байна. Тэгээд ч хоёр чавхдастай өч төчнөөн хөгжим дэлхийн хаа сайгүй уянгалж байгаа. Ямар ч байсан Завханы 1000 хүүхэд морин хуураа тоглож, “Хөхөө намжил” уралдаанд хөгшин залуу, хөдөө хот, хүний өөрийнгүй оролцож, морин хуураараа бахархсан шиг бахархаж байна, бид…

…Бид бахархал гэж юу болох, юугаараа яаж бахархахаа мэдэх нь чухлыг л тайлбарлах гээд байна л даа. Жишээлбэл, монгол бичгийн дээрээс доош бичдэгийг бахархал гэхээсээ онцлог нь гэвэл онох болов уу. Манайхны дунд “Бид тийм, тийм гэж дохиж бичдэг босоо бичигтэй учраас босоо заяатай  мундаг  хүмүүс. Биднээс бусад нь үгүй, үгүй гэж толгойгоо сэгсэрч бичдэг хэвтээ бичигтэй мяа хүмүүс.” гэж буруу бахархдаг хүмүүс байна аа, ичмээр. Ийм биш ээ. Монгол бичгээрээ яаж бахархаж болохыг  ярилцъя.

Шведийн монголч эрдэмтэн Ойсон зуу гаруй жилийн өмнө “Монгол бичиг бол дэлхийн хамгийн хурдан бичиг. Яагаад гэвэл дээрээс доош нь бичихэд газрын татах хүч нөлөөлдөг.” гэсэн байх юм. Үүнийг физикийн шинжлэх ухаанаар батлаад, угсаатанзүй, сэтгэлзүй, түүх, үсэгзүйн талаас нь давхар нотлоод, “яагаад”-ыг нь монголчууд бүгдээрээ мэддэг, ярьдаг болчихвол бахархал болж болох л юм.

Монгол бахархлыг монгол хүний оюун ухаан бүтээнэ!

“Егөөтэй 99 тайлбар” номын “Хэдүүлээ энүүхэндээ ярья. Хүн сонсвол шоолно шүү! өгүүллийн хэсгээс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж