Гурван жилийн өмнө Монгол Улс зөвхөн хүүхдэд туслах 108 тусгай дугаарыг нээн ажиллуулж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд 730 гаруй мянган дуудлагыг хүлээн авчээ. Үүний 450 мянга гаруй нь зорилтот, 45 мянга нь хүүхдийн эсрэг хүчирхийллийн дуудлага байжээ.
Энэ дугаарт ханддаг хүүхдүүдийн 80 хувь нь эмэгтэй, 20 хувь нь эрэгтэй хүүхэд Тэд ихэвчлэн сургуулийн ойр орчмын сурагчдын дарамт, нөхөн үржихүйн сэдвээр тусламж, зөвлөгөө авах гэж ханддаг аж. 108 тусгай дугаарын ажилтнууд утсаар холбогдсон тухай хүүхдийн хоолойг сонсоод шууд хүчирхийлэлд өртсөн эсвэл сэтгэлийн дарамтад орсон эсэх зэргийг мэддэг байна. Ингээд нэг хүүхэд хоёр, гурав дахь удаагаа залгаад эхэлбэл, тухайн хүүхдийг хэн, хаана амьдардаг болохыг нь тогтоож, хороо, дүүргийн нийгмийн ажилтнууд гэрт нь очиж нөхцөл байдалтай нь танилцдаг гэнэ. Мөн хоёр, гурав дахь удаагаа залгаж буй дугаарыг онцгойлон тэмдэглэж, эцэг эхийг нь хянадаг байна.
2017 он гарсаар хүүхдийн тусламжийн 108 дугаар утсанд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх 157 дуудлага ирсний 122-ыг нь цагдаагийн байгууллага шалгаж байна. Харин хүүхдийн эсрэг хүчирхийллийн дуудлага, хамгааллын дуудлага өмнөх оноос 1.5 дахин өсөж, андуурсан тоглосон дуудлага 1.5 дахин буурчээ. Энэ нь хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээний талаарх мэдээлэл нэмэгдсэнтэй холбоотой гэв. Өөрөөр хэлбэл, сүүлийн үед хөршийн дуудлагын тоо нэмэгдсэн байна. Тэгвэл цаашид тусламж хэрэгтэй, тусламж хүссэн хүүхдүүдэд илүү хурдан, шуурхай хэрхэн хүрэх вэ гэдгээ албаныхан өнөөдөр /2017.11.10/ хэлэлцлээ. Ирэх жилээс хүүхдийн 108 утас технологийн шинэчлэл хийхээр болжээ. Ингэснээр гэр бүлийн дарамт, хүчирхийлэлд байнга орж тусламж авахыг хүсдэг ч, гэрийнхнийхээ дэргэд 108 дугаар руу холбогдож чаддаггүй хүүхдүүд зурвас бичиж, тусламж хүсэх боломжтой болохыг Мобиком корпорацийн газрын захирал С.Дорждэрэм онцлов. Учир нь, хүүхдийн 108 тусгай дугаарын төвийн техник, программ хангамж, дата болон дуудлагын төв, интернет холболт, өрөөний тохижилт зэргийг хариуцан ажилладаг юм.
Цаашид программын шинэчлэлийг хийж, баг хороо сумын хамтарсан багийнханд дуудлага ирэхэд мессеж хүрдэг байх, дуудлагын операторын тоог нэмэх шаардлагатайг Хүүхдийн тусламжийн 108 утсаны үйлчилгээний төвийн захирал Д.Ундраа ярилаа. Түүний хэлснээр, 24 цагаар ажиллаж буй сэтгэл зүйч нар бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн талаар мэдээлэл хүлээн авч зөвлөгөө өгсний дараа стресс менежмент хийх ёстой байтал дараагийн дуудлагыг алдахгүйн тулд шууд ажиллахаас өөр аргагүй болдог аж.
ЗӨВХӨН ДУУДЛАГА БУС ОНЛАЙН ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГДӨГ БОЛНО
Хүүхдийн тусламжийн утасны дуудлага сүүлийн нэг жилд эрчимтэй нэмэгджээ. 24 цагаар нэг ээлжид дөрвөн хүн ажилладаг. Ээлжийн ахлах, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид, шуурхай дуудлагын ажилтантай. Шуурхай дуудлагын ажилтан нь газар дээр нь очиж ажилладаг. Цаашид зөвхөн ярьж биш бичиж зөвлөгөө авдаг боломжийг бий болгохоор судалж байгаа аж. Энэ тухай Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын газрын дарга Ц.Алтанзая “Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын хамтын ажиллагаагаар бий болсон хүүхэд хамгааллын хамгийн том жишиг хөтөлбөр бол Хүүхэд тусламжийн утасны үйлчилгээ. Энэ төв 24 цагаар дөрвөн ээлжээр ажилладаг. Үндсэн бүтцээрээ нэг ээлжид 6 хүн суух хүчин чадалтайгаар шийдэж өгсөн. Өнөөдөр нэг ээлжид дөрвөн хүн ажилладаг. Цаашид бид дэлхийн жишигт нийцүүлэн зөвлөгөө мэдээллийг онлайнаар өгөх тал дээр түлхүү ажиллаж байна” гэв.
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ