Ватиканд тамхи худалдаалахыг хориглов

Хуучирсан мэдээ: 2017.11.10-нд нийтлэгдсэн

Ватиканд тамхи худалдаалахыг хориглов

Ватиканд тамхи худалдаалахыг хориглов

Ватикан улсад тамхи худалдаалахыг бүрмөсөн хоригложээ. Ингэснээр тус улс жилд тамхины худалдаанаас олдог 10 сая еврогийн ашгаас татгалзаж байгаа ажээ.

Ромын Пап Францис ард олны эрүүл мэндэд илэрхий хор уршиг тарьж буй үйлдлийг дэмжихгүй гэсэн үүднээс ийм шийдвэр гаргасан хэмээн Ватиканы төлөөлөгч мэдэгдсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдэгдэлд онцолсноор дэлхий даяар жилд долоон сая хүн тамхидалттай холбоотой өвчнөөр нас барж байгаа ажээ.  Ватиканы төсөвт жилд 10 сая еврогийн орлого оруулдаг тамхины худалдаа бол татваргүй байгалийн хийн дараа хоёрдугаарт бичигдэх орлогын эх үүсвэр нь юм байна.

Италид НӨАТ-т 22 хувийн шимтгэл авдаг боловч худалдааны хөнгөлөлтийн карттай хэн бүхэн татваргүйгээр хүссэн бүхнээ худалдан авах боломжтой юм. Ватиканы дийлэнх иргэд ийм картаар супермаркетуудаас долоо хоногийн хүнсээ базааж, ШТС-аас шатахууны саваа дүүргээд, их дэлгүүрүүдээс Зул сарын худалдан авалтаа хийдэг. Ийм картыг зөвхөн Ватиканы албан хаагчид, тэтгэврийнхэн, оршин суугчид болон итгэмжит дипломатчид мөн шашны мяндагтнууд эзэмших эрхтэй ажээ. 2013 онд “Ernst & Young”-ийн явуулсан судалгаагаар Ватиканы 5,000 албан хаагчдаас гадна цөөхөн мянган хүн ийм карт эзэмшиж байгааг тогтоосон. Харин саяхан “Ernst & Young”-ийн аудитын компанийн мэдээлснээр тус улсад худалдааны хөнгөлөлтийн карт эзэмшдэг 41,000 хүн байгаа гэнэ. Хөнгөлөлтийн карт эзэмшигчид жилд 80 хайрцгаас илүүгүй тамхи худалдаж авах эрхтэй боловч аудитын шалгалтаар 287 хүн лимитээ хэтрүүлсэн нь тогтоогджээ.

Ромын Пап Францис тамхи татдаггүй  боловч зөвлөхүүд нь татдаг гэнэ.  Ватикан 2002 оноос хойш олон нийтийн үйлчилгээний газруудад тамхи татахыг хориглосон ажээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж